Монгол Улсад нисэх хүчин үүсэж, хөгжсөний түүхт 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдөр тохиож байна. Энэ өдөр ЗТХ-ийн сайд Л.Халтар иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмад буурлууд, нийт ажилтан, албан хаагчид мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэндчилгээндээ, Засгийн газраас иргэний нисэхийн салбарын эрх зүйн шинэчлэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чикагогийн конвенцийн хавсралт баримт бичгийн стандарт шаардлагад нийцүүлэн “Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр”, “Агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөр”-ийг шинэчлэн Засгийн газрын 2021 оны 136, 137 дугаар тогтоолоор батлуулсныг онцлов.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нисэхийн салбарт шинэ сорил тулгарч байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа гадаад улс орноос иргэдээ татан авч ирэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин тээвэрлэх нислэгийг амжилттай зохион байгуулж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна гэв. Мөн түүхэн аялал жуучлалын бүс нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал сумын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг энэ 7 дугаар сарын 4-нд нээж, үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байгааг мэдэгдэв.