Олон нийтийн сүлжээ идэвхитэй тархаж, хүн бүхэн мэдээллийг хүссэн хэлбэрээрээ шуурхай түгээж чаддаг болсон энэ үед иргэд, худал мэдээлэл буюу ЗГ, улс төрийн намаас өрсөлдөгч хүчин, хэвлэл мэдээллийг төөрөгдүүлэх зорилготой гаргасан суртал ухуулгад авталгүй, шүүлтүүртэй хүлээн авч үнэн, баримттай эх сурвалжид тулгуурлан сонголтоо хийх нь зүй.
Фэйсбүүк гэхэд л дэлхийн хэмжээнд 2.8 тэрбум хэрэглэгчидтэй. Энэ утгаараа тус платформ нь дэлхийн бараг бүх улсад цахим орчин дахь улс төрийн мэтгэлцээний гол талбар болдог. Гэвч улстөрчид олон дагагчтай хаягтай хэрэглэгчдийн “News Feed”-д илүү хүртээмжтэй, олон давтамжтай харагддаг Фэйсбүүкийн онцлог алгоритмыг ашиглан нийгмийг төөрөгдүүлэх, өрсөлдөгчдөө намнах зэрэг бохир үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн улстөрчид хуурамч хаягууд үүсгэж, хуурамч дагагчид цуглуулах байдлаар цахим орчныг бохирдуулж байгаа нь фэйсбүүкийн нэг цоорхой байсаар ирлээ.
АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ-ын эрх баригчид олон мянган хуурамч хаяг ашиглан Доналд Трампыг дэмжин, түүний өрсөлдөгчийг гутаах үйл ажиллагаа явуулсан нь сонгуулийн үр дүнд нөлөөлж, фейсбүүкийн цоорхойг олон улсын анхаарлын төвд авчирсан байдаг. Үүний нэгэн адилаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй, нэр бүхий дэвшигч фэйсбүүкээр цацагдсан өөрийн нэвтрүүлгэн дээр олон мянган хуурамч хаягаар реакц үзүүлж өөрөөр хэлбэл зүрх даруулж хандалтыг авчээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн энэ нь хуурамч хандалтуудад иргэд автах магадлалтай гэсэн үг юм.
НЭР ДЭВШИГЧИЙГ БУС ИРЭЭДҮЙГЭЭ СОНГОХ СОНГОЛТ
Энэ мэтчилэн бидний амьдралын нэгэн хэсэг болчихсон цахим сүлжээнд үнэн, худал ухуулга PR-ууд хийж иргэдийн харах өнцгийг хаших нь хэвшмэл болсон асуудал. Үүнээс зайлсхийх цорын ганц арга зам нь иргэд мэдээллийг шүүлтүүртэй хүлээн авах чадвар юм.
Мөн нэг хүнийг хэт тахин шүтэх нь шинэ боломж, шинэ үүд хаалгыг хааж байдгийг санах хэрэгтэй. Иргэд нэр дэвшигчдийг бус ирээдүйгээ сонгож байгаа учраас сонголтуудаа судалж, хариуцлагатай хандах нь чухал болоод байна.
Түүнчлэн нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгааг хийхдээ өрсөлдөгчийн хувийн орон зайд халдаж, үндэс угсааг нь үгүйсгэн гутаан доромжлох хандлагаа таслан зогсоож шударгаар өрсөлдөхийг уриалж байна.