Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдана.
Бид ЕАШТ-д оролцох 24 багийг цувралаар танилцуулж байна.
ЕВРО-2020: Итали улсын шигшээ баг
– Дэлхийн чансаа: #7
– ЕАШТ-нд оролцсон байдал: 9 удаа оролцохдоо 1968 онд алт, 2000, 2012 онуудад мөнгө, 1988 онд хүрэл медаль хүртсэн.
– Шигшээ багийн дасгалжуулагч: Роберто Манчини
– Шигшээ багийн ахлагч: Жоржио Кьеллини
– Гялалзах од: Мойзе Кен
Италийн шигшээ баг нэр төрөө сэргээх тэмцээн бол Евро-2020 байх учиртай. Дэлхийн 4, Европын 1 удаагийн аварга Италийн шигшээ баг одоогоос 3 жилийн өмнө болсон хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцож чадаагүй. Энэ бол Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэнд тодоор үлдэх таагүй үйл явдал юм. ДАШТ-ний урьдчилсан шатны 2-н даваанд Шведэд хожигдож гэртээ үлдэж байсан бөгөөд 2018 оны 5 сард Р.Манчини шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон. Италийн шигшээ багийн тоглогч асан Р.Манчини 2000 оноос дасгалжуулагчаар ажиллаж байгаа ч зөвхөн клуб удирдаж байсан. Шигшээ баг удирдаж байсан туршлагагүй ч Р.Манчини Италийн шигшээ багаа тун амжилттай удирдаж байгааг түүний нийт тоглолтын үр дүнгээс харж болно. Өнөөдрийн байдлаар шигшээ багаа удирдан 30 тоглолт хийснээс 21 ялалт авч 7 тэнцэж ердөө 2 хожигдсон байгаа. Евро-2020 бол түүний хамгийн том шалгалт болно.
Евро-2020 тэмцээний урьдчилсан шатыг Италийн шигшээ баг маш өндөр амжилттай давсан. Урьдчилсан шатыг Итали болон Бельгийн шигшээ багууд хожигдол, тэнцээгүйгээр бүтэн оноо авч тэргүүлсэн. Мөн урьдчилсан Итали, Бельги, Английн шигшээ багууд +30 гоолтой өндөрлүүлсэн. Энэ бүх үзүүлэлт Р.Манчини дасгалжуулагчтай Италийн шигшээ баг ямар өндөр амжилттай байгааг, үүнийгээ дагаад өндөр амжилтыг Евро-2020-д үзүүлэх боломжтойг харуулж байна. Италийн шигшээ баг ЕАШТ-ний урьдчилсан шатанд Грек, Аремни, Лихтейнштейн, Босни-Герцеговина болон Финландын шигшээ багуудтай таарч ганц ч хожигдолгүй 10 хожилтой өндөрлүүлэхдээ өрсөлдөгчийнхөө хаалганд 37 гоол оруулж, хаалгандаа ердөө 4 гоол алдсан. Италийн шигшээ баг ЕАШТ-нд Турк, Уэльс, Швейцарын багуудтай А хэсэгт багтсан бөгөөд тивийн аваргын эхний тоглолтыг Турктэй хийнэ.
Дасгалжуулагч Р.Манчини ЕАШТ-ний урьдчилсан шатанд 4-3-3 хувилбараар багаа тоглуулсан. Багийн ахлагч Ж.Кьеллинигийн бэртэл илааршиж клубын түвшинд тоглолтонд оролцож эхэлсэн нь таатай мэдээ болж байгаа бөгөөд түүнтэй хамтдаа “алтан” партнёр Л.Бонуччи нар гарах магадлалтай. Үеийн үед Италийн хамгаалалт хүчирхэг байсаар ирсэн. Хагас хамгаалалтанд Челси клубт тоглож буй Жоржиньо #1 төвийн сонголт болоод байна. Түүний 2 талд ПСЖ клубын М.Веррати, Интер Миланы С.Сенси, Н.Барелла нар байгаа бөгөөд С.Сенсиний булчингийн гэмтэл нь түүнд багагүй бэрхшээлийг бий болгоод байна. Италийн шигшээ багийн түлхүүр тоглогчид нь ерөнхийдөө “ахмад” тал руугаа хийсэн настай тоглогчид гэвэл хол зөрөхгүй болов уу? Учир нь гараанд гарах магадлалтай ихэнх тоглогчид 30 дөхсөн насныхан. Мөн үзүүрийн довтлогч К.Иммобиле гэхэд энэ жил 31 настай. Бас нэг онцлох зүйл бол Италийн шигшээ баг хуучны Ф.Тотти, Ф.Инзаги, дель Пьеро …нар шиг дэлхийн хэмжээний топ довтлогчид байхгүй. Р.Манчини шигшээ багийг хүлээн авснаас хойш бүх тоглогчид нь гоол оруулдаг бөгөөд онцгойрон бөмбөг оруулаад байдаг довтлогчийг тэр гээд онцлох боломжгүй. Үүнээс гадна #1 хаалгачаар хэн гарах нь бас эргэлзээтэй. С.Сиригу, Ж.Доннарумма нарын алийг нь гараанд гаргах нь дасгалжуулагч Р.Манчинигийн сонголт юм.
ЕАШТ-нд оролцох боломжтой тоглогчид:
– Хаалгач: Ж.Доннарумма (АС Милан), С.Сиригу (Торино), А.Краньо (Кальяри), А.Мерет (Наполи)
– Хамгаалагч: Ж.Кьеллини Л.Бонуччи (хоёулаа Ювентус), Ф.Акерби (Лацио), Ж.Манчини (Рома), К.Бираги (Фиорентина), Л.Спинаццола (Рома), Эмерсон (Челси), А.Флоренци (ПСЖ), ди Лоренцо (Наполи), А.Романьоли (АС Милан)
– Хагас хамгаалагч: Жоржиньо (Челси), М.Верратти (ПСЖ), Н.Барелла, С.Сенси (хоёулаа Интер Милан), С.Тонали (АС Милан), Б.Кристанте, Н.Заниоло (хоёулаа Рома), Р.Сориано (Болонья)
– Довтлогч: К.Иммобиле (Лацио), Л.Инсинье (Наполи), Ф.Чьеста, Ф.Бернардески (хоёулаа Ювентус), А.Белотти (Торино), Эль-Шаарави (Рома), М.Кен (ПСЖ)