Энэ сарын 18-ны мэдээгээр Тяньжинь боомтод 3370 чингэлэг гацсан байдалтай байна. Коронавируст халдварын улмаас үүссэн энэхүү хүндрэлтэй байдлыг хэрхэн шийдэх талаар Төмөр Зам Далайн Тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Батнасангаас тодрууллаа.
Тэрээр, “Тяньжинаас Эрээн боомтоор Монгол руу долоо хоногт 10 галт тэрэг явдаг. Энэ 10 галт тэрэг хэвийн явж байгаа. Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос энэ сарын 21-нд цахим хурал хийсэн. Энэ хурлаар авто тээврийн боомтоор жолооч нарыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Бид энэ асуудлаар Хятадын талд албан ёсоор бичиг хүргүүлж хүсэлт гаргасан байгаа. Тодорхой хугацаанд галт тэрэг нэмж явуулснаар асуудал шийдэгдэнэ. Гол нь Хятадын тал шийдэх учраас бид хүсэлтээ тавин хөөцөлдөж ажиллаж байна” гэлээ.
Мөн Замын-Үүдэд тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байгаа талаар АТҮТ-ийн Ачаа тээвэр хариуцсан хэлтсийн дарга О.Энхбатаас тодруулсан юм.
ЗАМЫН-ҮҮДЭД ТЭЭВЭРЛЭЛТИЙГ СЭРГЭЭЖ ӨДӨРТ 100 МАШИН МОНГОЛЫН ТАЛААС ТАТАЖ БАЙНА
Монгол Улсад Коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан улс хоорондын дунд бага зэргийн доголдлууд үүсээд байгаа. Тухайлбал Замын-Үүд суманд халдварын тохиолдол илэрснээс үүдэн 3 дугаар сард Эрээний тал тээвэрлэлтийг 14 хоногийн хугацаатай зогсоогоод байсан юм.
Улмаар 4 дүгээр сарын 7-ноос тээвэрлэлтийг сэргээхдээ өдөрт 20 машин Монголын талаас татаж авахаар тогтоосон. Харин ГХЯ-аар хэлэлцсэний эцэст өнөөдрийн байдлаар 100 машин Монголын талаас татан авч тээвэрлэлтийг сэргээж байна.
Ташрамд дурдахад, Замын-Үүдийн боомтоор дунджаар өвөлдөө 150 орчим, зундаа 250 орчим, оргил үедээ өдөртөө 350 ачаа тээврийн машин хил нэвтэрч байсан гэх тоон үзүүлэлт байна.