Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна.
МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн Монгол" уриатайгаар сурталчилгаагаа эхлүүллээ.
АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнэ "Дарангуйлалгүй Монгол" уриатайгаар өрсөлдөж байна.
"Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат "Монгол чадна" уриатайгаар сурталчилгааны ажлаа өрнүүллээ.
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно
Хэрвээ би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүдэд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, . Хараат бус хяналтын байгууллагын тогтолцоог бий болгоход анхаарна. Хүн засагладаггүй, хууль засагладаг төр улстай болох ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрх зүйт төрийг бэхжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллана. Хүний эрх, эрх чөлөөг хадгалсан парламентыг засаглалыг төлөвшүүлэхэд анхаарна.
Мөн ард түмний үндэсний эв нэгдлийг хөндөж ярьж байна. МАН-ын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Бид нэгдмэл нэг улс, ахан дүүс. Би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс нь эв нэгдэл юм. Түүнчлэн байгалийн баялгийн эзэн нь монголчууд байх ёстой. Баялагтаа эзэн монгол байх ёстой. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын нэг нь хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, орд газруудыг төрд авах явдал байлаа. Байгалийн баялаг гэдэг бол хэн нэгэн хүний хийсэн бүтээл биш, бурханы хишиг. Монголын иргэн бүр байгалийн баялгийг ижил тэгш хүртэх ёстой. Тиймээс төрийн тэргүүн хүний хувьд энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой гэж бодож байна.
С.Эрдэнэ: Эрх чөлөөт нийгэм байгуулахыг АН зорьж байгаа
Би асар том үүрэг хариуцлага хүлээж байгаагаа гүнээ ухамсарлаж байна. Монголын ард түмний эрх, эрх чөлөөний төлөө өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайлчлан ялах болно. Бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадахгүйд хүрвэл сүүлийн чөлөөт сонгууль болно гэдэгт сэтгэл эмзэглэж байна. Энэ бол аль намыг, аль нэр дэвшигчийг сонгох сонгууль биш. Харин ирээдүйн гурван салаа замын альнаар нь амьдрахаа сонгох сонгууль юм. Та бүхэн ямар төрлийн гурван амьдралаар амьдрахаа сонгоорой. 1992 оноос хойш Монголын ардчилал устан үгүй болоход ойртлоо. Миний нэн тэргүүний зорилго айдасгүй амьдралыг авчрах. Ковидизмыг нураан унагах болно. Ковид бус ковидизмыг эмчлэх цаг ирлээ. Вакцин бол эрх чөлөө юм. МАН-аас нэр дэвшигч ковидизмыг дэмжигч этгээд биш харин үүсгэн бий болгосон хүн нь. Ковидоор далдалж, иргэдийн амьдрах, үгээ хэлэх, бизнес эрхлэх эрхийг хааж, өөртөө хүч хуримтлуулсан хүн. Сөрөг хүчингүй үед эрх баригч нам дураараа авирлах болно. Монгол Улс хэзээний эдийн засгийн хямралд ороод байна.
Д.Энхбат: Нам бус, мэдлэг боловсрол өндөртэй хүмүүсээр шинэ баг бүрдүүлнэ
Энэ сонгуулиар Монгол Улсынхаа ардчиллыг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийг улам төгөлдөршүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө, шударга ёсны төлөө, авлигатай тэмцэхийн төлөө, монгол хүн бүр улсын хөгжилд идэвхтэй оролцуулахын төлөө сонгуульд оролцож байна. Монгол Улс маань их сонголтын өмнө ирж байна. Бид 30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ. Харин ирэх 30 жилд ямар байх вэ, дэлхийн дээр ямар байр суурь эзлэх вэ, залуучууд хүүхдүүддээ ямар өв үлдээх вэ гэсэн шинэ сонголтын өмнө ирж байна. Дэлхийн ертөнц ч өөрчлөгдөж байна. Өнөөдөр Монгол Улс туулсан замаа эргэж хараад шинэ үедээ итгэж, мэдлэг, ур чадвар, технологид итгэж, XXI зууны шинэ Монгол Улсыг байгуулахын төлөө ажиллах болж байна.
Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч өөрийн тодорхой үүрэгтэй. Монголын төрийн нэгдмэл байдлыг хангаж, гурван салаа мөчрийн уялдааг хангаж, гадаад бодлогын тулгуурыг залгамжлан өвлөж, ард түмнийхээ төлөө зүтгэхээр сэтгэл шулуудаад байна. Сонгуулиар бид шударгаар, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Манай сонгогчид өөрсдийнхөө мэргэн сонголтыг хийнэ байх. Бид монголчууд шинэ замаар, шинэ мөрөөдлөөр явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тийм учраас нам бус, инженер миний биеийг энэ эвслээс олон нийтийн санал асуулгаар тодруулсан билээ. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол нам бус, мэдлэг боловсрол өндөртэй хүмүүсээр шинэ баг бүрдүүлэн ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус Монголын баг байх болно. Бид "Монголчууд чадна" гэсэн уриатай оролцож байгаа. Бидний зорилт бол нэг намын төлөө бус нийт олны төлөө байгаа.
Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжлэн зургаадугаар сарын 8-ны 00.00 цагт зогсоно. Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт зургаадугаар сарын 9-нд 07.00-22.00 цагт болох юм. Харин гадаад улсад оршин суугаа иргэдийн саналыг тавдугаар сарын 30, 31-нд, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг зургаадугаар сарын 8-нд авна.