Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд нэр дэвшигчээ тодруулсан. Тодруулбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, ХҮН-аас Датакомын Д.Энхбат нар өрсөлдөхөөр болсон.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа.
Д.ЭНХБАТ ХҮН-ИЙН ХҮСЭЛТЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨР ТОДРОВ
УИХ-д нэг суудалтай нам болох Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өчигдөр тодруулав. Ингэхдээ тус намаас гурван нэр дэвшигчийг өрсөлдүүлсэн юм. "Зөв ХҮН электорат" эвслээс таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан. Тодруулбал, Д.Энхбат, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нар өрсөлдөж, Д.Энхбат олонхын санал авч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов. Д.Энхбат нь Ногоон намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.
Дангаасүрэнгийн Энхбат гэж хэн бэ?
Д.Энхбат 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр нийслэлийн 24-р дунд сургуулийг төгссөн. Энхбат 1975-1980 онд ЗХУ-ын Уралын Политехникийн их сургуулийг системийн инженер мэргэжлээр төгссөн. Дашрамд сонирхуулахад ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний төгссөн Уралын Техникийн их сургуулийг Д.Энхбатаас гадна УИХ-ын дарга асан З.Энхболд, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, Монгол Базальт ХК-ийн үүсгэн байгуулагч Л.Ариунболд тэргүүтэй цөөн монгол хүн төгссөн байдаг. Хожим Д.Энхбат ОХУ-ын Шинжлэх ухаан технологийн үндэсний их сургууль буюу хуучнаар Москвагийн Ган, хайлшийн их сургуульд металлургийн кибернетик сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Техникийн ухааны дэд эрдэмтэн юм.
– Д.Энхбат 1980 онд их сургуулиа төгсөөд 1992 оныг хүртэл Статистикийн төв газрын Тооцолох төвд программистаас төвийн захирал болтлоо дэвшин ажиллажээ. Дараа нь 1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч даргаар ажиллаж байгаад 1993-1994 онд П.Жасрайн Засгийн газрын Үндэсний хөгжлийн дэд сайдаар томилогдон ажиллаж байв.
– Ардчилал гарч хүмүүс хувийн бизнес хийж эхлэхтэй зэрэгцэн Д.Энхбат 1994 онд Монголын интернэт үйлчилгээний анхдагч компани болох Датаком ХХК-ийг нөхдийн хамт үүсгэн байгуулсан. Тус компани нь “ICANN” олон улсын корпорацын итгэмжлэлтэй “.mn” домейн хаягийг бүртгэгч байгууллага бөгөөд өнөөдөр технологийн салбарын тэргүүлэгч “Google” компанийн албан ёсны төлөөлөгч болтлоо өргөжин тэлсэн байна.
– Улс орны хөгжлийн бодлогын сэдвүүдийг гарган тавьдаг Форум нэвтрүүлэг нь тухайн үедээ Монголын хамгийн олон үзэгчтэй телевизийн нэвтрүүлгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байлаа.
– 2007 онд Д.Энхбат тухайн үеийн сөрөг хүчнүүдийн нэг болох Монголын ногоон намын даргаар сонгогдсон юм. Улмаар тэрээр 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн Баянгол дүүргээс сонгогдож, дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажилласан байдаг.
– Монгол Улсын 2008 оны парламентын сонгуулийн үр дүн долдугаар сарын 1-ний үймээнийг дагуулж, сөрөг хүчингүй эвслийн Засгийн газар байгуулагдан Оюутолгойн гэрээг байгуулсан түүхтэй. Д.Энхбат долдугаар сарын 1-ний үймээнийг өдөөн турхирагчдын нэг гэж буруутгагддаг. Гэвч тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, огцроход бэлэн байгаагаа илэрхийлж байсан удаатай.
– Д.Энхбат 2009 онд УИХ-ын гишүүн байх үедээ сөрөг хүчингүй эвслийн Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүд, 2000 оноос хойш төсвийн зардал хэд дахин нэмэгдсэн зэрэгт шүүмжлэлтэй хандаж, Монголын уул уурхайн корпорац байгуулах замаар олон улсын хөрөнгийн бирж дээр мөнгө босгож, стратегийн орд газруудаа яагаад өөрсдөө хөдөлгөж болохгүй гэж гэх зэрэг байр сууриудыг илэрхийлж байжээ.
– Хамгийн сүүлд тэрээр Монгол Улс дахь засаглалын хямралыг улс төрийн намуудын хоцрогдол, ялангуяа намууд дотоод ардчилалгүй болоод байгаатай холбон тайлбарлав. Улмаар сонгуулийн тогтолцоогоо дагаад төрийн боловсон хүчний бодлого, мерит зарчим, залгамж халаа алдагдсан. Энэ нь эргээд Монголын төрийн нэгдмэл байдлыг алдагдуулж, сонгуульд мөнгө өгсөн хүмүүст эрх мэдлийг дөрвөн жилээр түрээсэлдэг байдалд төрийг аваачсан гэж тодорхойлсон юм.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1965-1975 онд Нийслэлийн 23,24-р дунд сургууль
- 1975-1980 онд Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
- Эрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны дэд эрдэмтэн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1980-1992 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд програмист, төвийн захирал
- 1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга
- 1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайд
- 1994-2008 онд Датаком ХХК-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- 1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн
- 2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга
- 2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч
- 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
- 2007 оноос Монголын ногоон намын дарга
- 2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Нэр дэвшигч Д.Энхбат "Зөв ХҮН электорат" эвслээс Дангаасүрэнгийн Энхбат миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, мөн манай дэмжигчид, хамтран зүтгэгчдийн хүсэл мөрөөдлийг тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулиар бид Монгол Улсынхаа ардчиллыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгаа төгөлдөржүүлэх, ялангуяа монголын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, шударга ёсны төлөө, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг улсынхаа хөгжилд идэвхтэй оролцуулахын төлөө ийм хөтөлбөртэйгөөр оролцоно.
Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Бид 30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ. Дараагийн 30 жил яаж амьдрах уу, дэлхий дээр ямар байр суурь эзлэх үү, залуучууд хүүхдүүдэд ямар өв үлдээх үү гэдэг шинэ сонголтын өмнө ирж байна. Дэлхий ертөнц ч өөрчлөгдөж байна. Бид 21 дүгээр зууны шинэ Монголыг байгуулна гэж итгэж ажиллах ёстой болж байна.
Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч өөрийн тодорхой үүрэгтэй. Монголын төрийн нэгдмэл байдлыг хангаж, гурван салаа мөчрийн уялдааг хангаж, гадаад бодлогын тулгуурыг залгамжлан өвлөж, ард түмнийхээ төлөө зүтгэхээр сэтгэл шулуудаад байна. Сонгуулиар бид шударгаар, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Манай сонгогчид өөрсдийнхөө мэргэн сонголтыг хийнэ байх. Бид монголчууд шинэ замаар, шинэ мөрөөдлөөр явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тийм учраас нам бус, инженер миний биеийг энэ эвслээс олон нийтийн санал асуулгаар тодруулсан билээ. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол нам бус, мэдлэг боловсрол өндөртэй хүмүүсээр шинэ баг бүрдүүлэн ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус Монголын баг байх болно. Бид "Монголчууд чадна" гэсэн уриатай оролцож байгаа. Бидний зорилт бол нэг намын төлөө бус нийт олны төлөө байгаа" гэлээ.