
"Зөв ХҮН электорат" эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат үнэмлэхээ гардаж авлаа. Нэр дэвшигч Д.Энхбат "Зөв ХҮН электорат" эвслээс Дангаасүрэнгийн Энхбат миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, мөн манай дэмжигчид, хамтран зүтгэгчдийн хүсэл мөрөөдлийг тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулиар бид Монгол Улсынхаа ардчиллыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгаа төгөлдөржүүлэх, ялангуяа монголын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, шударга ёсны төлөө, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг улсынхаа хөгжилд идэвхтэй оролцуулахын төлөө ийм хөтөлбөртэйгөөр оролцоно.
Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Бид 30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ. Дараагийн 30 жил яаж амьдрах уу, дэлхий дээр ямар байр суурь эзлэх үү, залуучууд хүүхдүүдэд ямар өв үлдээх үү гэдэг шинэ сонголтын өмнө ирж байна. Дэлхий ертөнц ч өөрчлөгдөж байна. Бид 21 дүгээр зууны шинэ Монголыг байгуулна гэж итгэж ажиллах ёстой болж байна.
Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч өөрийн тодорхой үүрэгтэй. Монголын төрийн нэгдмэл байдлыг хангаж, гурван салаа мөчрийн уялдааг хангаж, гадаад бодлогын тулгуурыг залгамжлан өвлөж, ард түмнийхээ төлөө зүтгэхээр сэтгэл шулуудаад байна. Сонгуулиар бид шударгаар, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Манай сонгогчид өөрсдийнхөө мэргэн сонголтыг хийнэ байх. Бид монголчууд шинэ замаар, шинэ мөрөөдлөөр явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тийм учраас нам бус, инженер миний биеийг энэ эвслээс олон нийтийн санал асуулгаар тодруулсан билээ. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол нам бус, мэдлэг боловсрол өндөртэй хүмүүсээр шинэ баг бүрдүүлэн ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус Монголын баг байх болно. Бид "Монголчууд чадна" гэсэн уриатай оролцож байгаа. Бидний зорилт бол нэг намын төлөө бус нийт олны төлөө байгаа" гэлээ.