Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд нэр дэвшигчээ тодруулсан. Тодруулбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, ХҮН-аас Датакомын Д.Энхбат нар өрсөлдөхөөр болсон.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлдэг зохицуулалттай.
У.ХҮРЭЛСҮХ МАН-ААС ӨРСӨЛДӨГЧГҮЙ, 100 ХУВИЙН САНАЛААР НЭР ДЭВШИВ
Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 1985 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг төгсжээ. 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Түүнийг эгэл жирийн жолоочийн хүү хэмээн тодотгодог.
– Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож, Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж, хүч үзэж буй тэрээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй олонх болоход их үүрэг гүйцэтгэсэн нэгэн.
– МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас 100 хувийн саналаар У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр нэр дэвших эрхээ баталгаажуулсан. У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаасаа бууснаас хойш намын даргаа өгөөгүй байгаа. МАН-ын албан ёсны дарга, УИХ-ын гишүүн. Тэрбээр 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2021 оны өөрийн хүсэлтээр огцорч байсан юм.
– Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч хийж байсан түүнийг 1991 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан болжээ. МАХН-ын удирдлагууд тухайн үеийн УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх болгон томилсноор өдөөгөөг хүртэл улс төрд зүтгэж байгаа юм. Төрийн дээд албан тушаалыг олон жил хашсан улс төрчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэрбээр МАХН-ын хамгийн хүнд гэгдэх цаг үе буюу 1990-ээд онд намаа хамгаалан өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зарлаж байжээ. 2000-2004 оны нэг хүний засаглалтай МАХН-д ганцаараа сөрөг хүчин болж, намынхаа шатсан тугны тасархайг толгойдоо зүүн М.Энхболдын Засгийн газрыг авч үлдэхийн төлөө тэмцэж буйгаа илэрхийлсэн байдаг.
– У.Хүрэлсүх 2000 онд УИХ-ын ээлжит сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2004-2012 онд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан түүхтэй. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байв. Мөн 2008 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тухайн үед УИХ-ын сонгуулийн үр дүнд эсэргүүцсэн жагсаал болж, МАХН-ын байрыг шатааж байсан түүхтэй. Энэ үед У.Хүрэлсүх намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, үнс нурман дундаас одоогийн Тусгаар тогтнолын байрыг барьсан хэмээн үнэлэгддэг.
– Тэрбээр намынхаа генсек байхдаа хуучин нэрээ сэргээнэ хэмээн намын удирдлагуудынхаа өөдөөс сөрөн “Намын нэрийг сольсноор ялагдвал би хариуцлага хүлээнэ” хэмээн МАХН-ыг МАН болгосон түүхтэй. Ингэснээрээ МАН, МАХН хэмээн хуваагдаж, энэ нь УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэг. Үүний дараа тэрбээр намынхаа ерөнхий нарийн бичгийн даргийн албан тушаалыг хүлээлгэн өгсөн байдаг.
– 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтэй өөрөө гаргаж байжээ. Тухайн үедээ үүнийгээ ар гэрийн гачигдлаас болсон хэмээн тайлбарласан байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, БНСУ-д эхнэрээ эмчлүүлсэн гэдэг ч удалгүй Австрали Улсыг зорьсон байдаг.
– 2014 онд эх орондоо ирж, Монгол Улсын шадар сайдаар томилогдсон юм. 2016 онд М.Энхболдын Засгийн газарт Шадар сайдаар улираан томилогдов. Гэвч тэрбээр Шадар сайдаар ажиллаж байх хугацаандаа Засгийн газраа унагаж өөрөө Ерөнхий сайд болсон юм. Тухайн үед МАН-аас УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар өрсөлдөж, санал хураалтаар У.Хүрэлсүх 188, Ө.Энхтүвшин 101, Н.Энхболд тав санал авснаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болов. Тэрбээр “шударга ёсыг тогтоож, Монголын төрд бугшсан булхай луйврыг үгүй хийнэ” хэмээсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн.
– УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх хоёр удаагаа томилогдон “Мэргэжлийн” гэх тодотголтой шинэ Засгийн газрыг байгуулан ажиллаж байв.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач
- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч
- 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
- 1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
- 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
- 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
- 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
- 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
- 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
- 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
- 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
- 2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
- 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
- 2017 оноос Монгол Ардын Намын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ХОЁР ТАЛЦСАН АН-ААС С.ЭРДЭНЭ НЭР ДЭВШИХЭЭР БОЛОВ
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэг талдаа гарах болов уу гэсэн Ардчилсан намын зүгээс энэ удаагийн сонгуульд хоёр нэр дэвшигчийг тодруулсан. Өөрөөр хэлбэл, М.Тулгат даргатай Ардчилсан намаас С.Эрдэнийг, О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас Н.Алтанхуягийг тус тус нэр дэвшүүлсэн.
СЕХ-ны ажлын хэсэг “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авсан.
С.ЭРДЭНЭ НАМТАР
Содномзундуйн Эрдэнэ нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Улс төрч, хуульч, Удирдахуйн ухааны доктор. 1990 оны Цагаан морин жил Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Багануур дүүргийн МоАХ-г үүсгэн байгуулж, анхны даргаар нь ажилласан. УИХ-ын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдсон. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар нэг удаа, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар нэг удаа тус тус сонгогдон ажилласан.
– АН түүний үед хоёр хуваагдсан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүчтэй оролцоотой хийгдсэн. С.Эрдэнэ харин ч Х.Баттулгыг эсэргүүцэн зогсож байсныгаа АН-ынхаа өмнө байгуулсан гавьяа гэж үздэг.
– Тэрбээр Улсын Их Хурлын гишүүнээр 3 удаа сонгогдохдоо 160 гаруй тогтоол шийдвэрийн төслийг боловсруулсан байдаг. Мөн 56 хуулийг санаачлан боловсруулсны 31-ийг буюу 60 хувийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, 2 хуулийн төслийг санаачлагчийн хүсэлтээр буцан татаж, ахин 2 төслийг санаачлан боловсруулжээ.
– 2012-2016 онд Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж бодлогын үр шимийг хүртэх иргэд, олон нийтийн санаа бодлыг сонсох явдал нь бодлого боловсруулах суурь зарчим учраас хүн ам, зорилтод бүлгүүдийн санал бодлыг сонсох ажлыг 2012-2013 онд хэрэгжүүлж, хүүхэд өсвөр үе, залуучууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлгүүд, гэр бүлийн асуудлаар " Үндэсний хэмжээний чуулган зөвлөгөө"-нүүдийг хийсэн.
– Зөвлөгөөний үеэр иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн саналыг сонсож, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, боловсруулсан баримт бичгийн төслийг хэлэлцүүлж байсан нь цаашдын бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэх ажлын эхлэл болсон аж.
– Ингэснээр хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудал, салбар дундын бодлогын уялдаа холбоог бий болгож, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиг удирдлагаар хангах үүрэг бүхий бүтцийг бий болгон Хүн амын бүлгүүдийн эрхийг хамгаалах, хөгжлийг хангах эрх зүйн орчинг сайжруулжээ.
Түүний санаачилсан хуулиас дурдвал,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг санаачлан боловсруулж Улсын Их Хурлаас 2012 онд батлуулж хэрэгжүүлснээр Улсын хэмжээнд нийт 646 мянган иргэлийн ажилласан хугацааг 5-11 жилээр нөхөн тооцсон нь нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ боллоо.
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулж даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа Эрүүл мэндийн даатгалын цахим картаар шууд төлөх, төлбөрт хяналт тавих зэрэг эрхийг хуулиар тогтоолоо.
- Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлан батлуулсан нь ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хууль болсон.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
- 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
- 1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
- 1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
- 1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
- 2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга
- 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
- 1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
- 1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга
- 1992-1996 онд "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал
- 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
- 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
- 1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн
- 2000 онд МоАН-ын дарга
- 2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
- 2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга
- 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
- 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
- 2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
- 2017-2021 онд Ардчилсан Намын дарга
Д.ЭНХБАТ ХҮН-ИЙН ХҮСЭЛТЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨР ТОДРОВ
УИХ-д нэг суудалтай нам болох Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өчигдөр тодруулав. Ингэхдээ тус намаас гурван нэр дэвшигчийг өрсөлдүүлсэн юм. "Зөв ХҮН электорат" эвслээс таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан. Тодруулбал, Д.Энхбат, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нар өрсөлдөж, Д.Энхбат олонхын санал авч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов. Д.Энхбат нь Ногоон намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.
Дангаасүрэнгийн Энхбат гэж хэн бэ?
Д.Энхбат 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр нийслэлийн 24-р дунд сургуулийг төгссөн. Энхбат 1975-1980 онд ЗХУ-ын Уралын Политехникийн их сургуулийг системийн инженер мэргэжлээр төгссөн. Дашрамд сонирхуулахад ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний төгссөн Уралын Техникийн их сургуулийг Д.Энхбатаас гадна УИХ-ын дарга асан З.Энхболд, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, Монгол Базальт ХК-ийн үүсгэн байгуулагч Л.Ариунболд тэргүүтэй цөөн монгол хүн төгссөн байдаг. Хожим Д.Энхбат ОХУ-ын Шинжлэх ухаан технологийн үндэсний их сургууль буюу хуучнаар Москвагийн Ган, хайлшийн их сургуульд металлургийн кибернетик сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Техникийн ухааны дэд эрдэмтэн юм.
– Д.Энхбат 1980 онд их сургуулиа төгсөөд 1992 оныг хүртэл Статистикийн төв газрын Тооцолох төвд программистаас төвийн захирал болтлоо дэвшин ажиллажээ. Дараа нь 1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч даргаар ажиллаж байгаад 1993-1994 онд П.Жасрайн Засгийн газрын Үндэсний хөгжлийн дэд сайдаар томилогдон ажиллаж байв.
– Ардчилал гарч хүмүүс хувийн бизнес хийж эхлэхтэй зэрэгцэн Д.Энхбат 1994 онд Монголын интернэт үйлчилгээний анхдагч компани болох Датаком ХХК-ийг нөхдийн хамт үүсгэн байгуулсан. Тус компани нь “ICANN” олон улсын корпорацын итгэмжлэлтэй “.mn” домейн хаягийг бүртгэгч байгууллага бөгөөд өнөөдөр технологийн салбарын тэргүүлэгч “Google” компанийн албан ёсны төлөөлөгч болтлоо өргөжин тэлсэн байна.
– Улс орны хөгжлийн бодлогын сэдвүүдийг гарган тавьдаг Форум нэвтрүүлэг нь тухайн үедээ Монголын хамгийн олон үзэгчтэй телевизийн нэвтрүүлгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байлаа.
– 2007 онд Д.Энхбат тухайн үеийн сөрөг хүчнүүдийн нэг болох Монголын ногоон намын даргаар сонгогдсон юм. Улмаар тэрээр 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн Баянгол дүүргээс сонгогдож, дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажилласан байдаг.
– Монгол Улсын 2008 оны парламентын сонгуулийн үр дүн долдугаар сарын 1-ний үймээнийг дагуулж, сөрөг хүчингүй эвслийн Засгийн газар байгуулагдан Оюутолгойн гэрээг байгуулсан түүхтэй. Д.Энхбат долдугаар сарын 1-ний үймээнийг өдөөн турхирагчдын нэг гэж буруутгагддаг. Гэвч тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, огцроход бэлэн байгаагаа илэрхийлж байсан удаатай.
– Д.Энхбат 2009 онд УИХ-ын гишүүн байх үедээ сөрөг хүчингүй эвслийн Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүд, 2000 оноос хойш төсвийн зардал хэд дахин нэмэгдсэн зэрэгт шүүмжлэлтэй хандаж, Монголын уул уурхайн корпорац байгуулах замаар олон улсын хөрөнгийн бирж дээр мөнгө босгож, стратегийн орд газруудаа яагаад өөрсдөө хөдөлгөж болохгүй гэж гэх зэрэг байр сууриудыг илэрхийлж байжээ.
– Хамгийн сүүлд тэрээр Монгол Улс дахь засаглалын хямралыг улс төрийн намуудын хоцрогдол, ялангуяа намууд дотоод ардчилалгүй болоод байгаатай холбон тайлбарлав. Улмаар сонгуулийн тогтолцоогоо дагаад төрийн боловсон хүчний бодлого, мерит зарчим, залгамж халаа алдагдсан. Энэ нь эргээд Монголын төрийн нэгдмэл байдлыг алдагдуулж, сонгуульд мөнгө өгсөн хүмүүст эрх мэдлийг дөрвөн жилээр түрээсэлдэг байдалд төрийг аваачсан гэж тодорхойлсон юм.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1965-1975 онд Нийслэлийн 23,24-р дунд сургууль
- 1975-1980 онд Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
- Эрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны дэд эрдэмтэн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1980-1992 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд програмист, төвийн захирал
- 1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга
- 1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайд
- 1994-2008 онд Датаком ХХК-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- 1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн
- 2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга
- 2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч
- 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
- 2007 оноос Монголын ногоон намын дарга
- 2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн