УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Тодруулбал, хот хоорондын нийтийн тээвэр өнөөдрөөс эхлэн үйлчилж бөгөөд Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарын утаснаас лавлах боломжтой аж.
“Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д зааснаар Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу үндэслэн эхлүүлэхээр боллоо.
Хөдөө, орон нутаг руу зорчих иргэдэд тавих ШААРДЛАГА
Монгол Улсын Шадар сайдын 46 дугаар тушаалын дагуу иргэд дараах шаардлагыг хангасан байна.
- Дархлаажуулалтын бүрэн тун /2 тун/ авсны дараа 14 хоног өнгөрсөн нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй.
- Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадалгаа шаардлагатай. Эмчийн магадалгааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээсээ, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авна.
- 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ.
- Бусад тохиолдолд PCR-ын шинжилгээ /72 цаг хүчинтэй/ эсхүл түргэвчилсэн шинжилгээ /48 цаг хүчинтэй/ шаардана.
Дорноговь, Өмнөговь аймгууд руу зорчих иргэд аймгийнхаа онцгой комисстой холбогдон зөвшөөрөл авах ёстой.