УИХ, Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан өчигдөр халдлагад өртжээ. Тодруулбал, өчигдөр 18:00 цагийн орчимд Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна түүнийг Д.Совд гэх иргэн түүнийг цохисон байна. Толгой руу нь цохисны улмаас сайдын нүдний шил хагарч, нүүр нь шалбарчээ.
Иргэн Д.Совд биедээ хутгатай явж байсныг цагдаагийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн байна. Д.Совд нь сүүлийн өдрүүдэд сурагчдад вакцин хийхийг эсэргүүцэж буйгаа сошиалаар илэрхийлж байсан бөгөөд өчигдөр ч мөн энэ асуудлаар БШУЯ-ны гадна фэйсбүүкээр лайв хийж байжээ.
Улмаар хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийх гэлээ хэмээн сайд руу дайрч, дээрх явдал болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад КОВИД-19-ийн эсрэг вакцин хийх албан ёсны шийдвэр УОК болон салбарын яамнаас гаргаагүй байгаа билээ.
Мөн Д.Совд нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж байсан. Түүний өрсөлдсөн тойргоос 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Л.Энх-Амгалан сайд сонгогдсон юм.
УИХ-ын сонгуулийн өмнө тэрбээр УИХ-ын гишүүд хэрхэн хөлжиж, хөрөнгөжиж, төрийн алба танил тал ах дүүгийн хэлхээ холбоо болон хүчирхэгжиж, иргэн хүн хүчгүйдэж буйг харж болох олон талт судалгааг хийсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээлж байлаа.
Хүүхдүүдэд вакцин хийхийг иргэн Д.Совд ийнхүү эсэргүүцэж байв.