СЕХ-ноос цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-аас санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэсэн мэдээлэл хийсэн. Мөн өнөөдөр СЕХ-нд АН-аас мэдэгдэл, шаардлага, хүсэлт өгсөн. Үүний агуулга нь ийм мэдээлэл гараад байна. Үүнийг шалгах эрх бүхий байгууллагад шилжүүл, энэ талаар холбоотой мэдээллийг олон нийтэд өгөөч гэдэг хүсэлтийг АН-аас ирүүлсэн. Үүний дагуу өнөөдөр СЕХ нийслэлийн прокурорын газарт албан бичгээр хандан энэ бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газар хүргүүлж байгаа. Энэ албан бичгийн утга нь өчигдөр гарсан мэдээлэлтэй холбоотой асуудлыг шалгаач, шалгах эрх бүхий байгууллагад нь шилжүүлээч. Энэ нь цаанаа Эрүүгийн хуульд заасан сонгууль будлиантуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэж байна. Үүнийг шалгах шаардлагатай. Мөн дээрээс нь ийм асуудлаар холбогдох байгууллагуудад гомдол гарч байсан уу, хэрвээ гарч байсан бол үүнийг хэрхэн шийдэж байсныг олон нийтэд танилцуулаач гэдэг байдлаар нийслэлийн прокурорын газарт мэдээллийг шилжүүлсэн. 2012 оноос хойш Монгол Улс сонгуулийн үйл ажиллагаанд автоматжуулсан системийг хэрэглэж байгаа энэ хугацаанд санал тоолох машин буруу ажиллаад саналыг зөрүүлсэн нэг ширхэг бодитой баримт гаргаж байгаагүй. Сонгууль зохион байгуулалтыг хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагааг гүтгэж байгаа" гэлээ.
Сонгуулийн машины тухайд СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн захирал Баясгалан "Би СЕХ-ны Мэдээллийн технологийн төвд 2012 оноос хойш ажиллаж байгаа. Сонгуулийн дараагаар ялагдал хүлээсэн нэр дэвшигчид "санал тоолох машин буруу тоолсон" гэж бидний ажлыг үгүйсгэдэг. Санал тоолох машины лицензтэй холбоотой гэрээнд заасан байгаа. "Захиалагч чанарын баталгаат хугацаа дууссаны дараагаар төлбөр төлнө" гэж заасан. Ашиглах бүртээ төлбөрөө төлөөд явж байгаа. Санал тоолох машины лиценз дуусна гэсэн ойлголт байхгүй. Мөн баркодгүй санал тоолох машин байж болохгүй. Нэр дэвшигчдийг загварчилж хийдэг. Саналын хуудсыг хольж хутгахгүй байх үүднээс баркодтой байдаг. 2012 оноос хойш манайд Мөнхбат гэж хүн ажиллаж байгаагүй" гэдэг тайлбарыг өглөө.