Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээ тавдугаар сарын 22-нд буюу энэ Бямба гарагт “Зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээ” нэрийн дор болно. Энэ хүрээнд хотын ногоон бүс, ой, голын эрэг дагуу цэвэрлэгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Цэвэрлэгээтэй холбоотой Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.
Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээгээр урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор ойн бүс, зуслан чиглэлийн хог хаягдлыг цэвэрлэнэ. Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний мэргэжлийн 21 байгууллага, “Шинэ тосгон” төрийн бус байгууллага бэлтгэл ажлыг хангаад байна” гэв.
Их цэвэрлэгээний үеэр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Түвшин сайхан төв” ТББ иргэдээс хоёрдогч түүхий эд авах ажлыг явуулын болон тодорхой байршлуудад хийхээр төлөвлөжээ. Мөн тавдугаар сарын 22-нд Шарга морьтын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гаднах авто зогсоол дээр иргэдээс дахивар буюу хоёрдогч түүхий эд худалдаж авах юм.
Нийслэлийн Байгаль орчны газраас 32 морьтой эргүүл гарч, хяналт тавин, мэдээллээр хангаж ажиллана. Ингэхдээ зуслангийн бүс буюу Баруун салаа, Зүүн салаа, Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг Их Баян, Цолмонгийн ам, Туулайн ам, Чингэлтэй дүүрэг 17, 18 дүгээр хороо Зүрх уул, Залаатын ам, Баянзүрх дүүрэг Шар хоолойн гол зэрэг байршилд хяналт тавих юм.
Арга хэмжээг дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд дэмжин ажиллаж байна. Тодруулбал, “Эм Си Эс” ХХК, “Бамбууш” ХХК, “Пепси” брэндүүд хамтран ажиллахаа мэдэгдсэн бол “Юнител” групп хэрэглэгчид рүүгээ зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээнд уриалсан мессеж илгээнэ.
Мөн “Ариг” банкнаас нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээс гадна 100 ажилтан, албан хаагчид энэ өдөр тодорхой байршлуудад цэвэрлэгээ хийх юм. Түүнчлэн “Түмэн шувуут” ХК Нисэх, Био орчмоор цэвэрлэгээ хийх, оролцож буй иргэдийг өөрсдийн бүтээгдэхүүнээр урамшуулна.
“Monpay” төлбөрийн систем нэг шуудай хог бүрд урамшууллын оноо бэлэглэн идэвхжүүлэх бол “Монос” групп амны хаалт, шуудай зэргээр хангаж, дархлаа дэмжих нэрийн бүтээгдэхүүнүүдийг гардуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийг цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА