Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Вакцины давтан тунгаа хийлгээд 14 хоносон иргэн тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу явахад ямар нэгэн хязгаарлалтад орохгүй. Түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөхгүйгээр хяналтын цэгүүдэд вакцины сертификатаа цахимаар болон цаасаар хэвлэсэн байдлаар үзүүлээд зорчиж болно.
0-17 насны хүүхдээ авч явах бол хүүхдээс нь түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариу шаардахгүй.
Түүнчлэн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй, хамрагдаагүй иргэд PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөөд орон нутаг руу явж болно. Харин очоод аймаг болон сумын онцгой комиссын хяналт дор 7 хоног гэрийн тусгаарлалтад байна.
Тавдугаар сарын 22-ноос төмөр зам, хот хоорондын зорчигч тээврийн автобус, агаарын тээвэр бүгд Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу хуваариа гаргаж эхэлсэн. Иймд иргэд цахимаар тасалбараа захиалан зорчих боломжтой бүрдэж байгаа" гэлээ.