УИХ-ын чуулганы хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
"Би Хуульчдын холбоог олон нийтийн мэргэжлийн, ардчилсан, цаашид улам хүчтэй төлөвшсөн байгууллага болоосой гэж хүсдэг. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр бол одоо байгаагаасаа бүүр дордсон, ухарсан үзэл баримтлалтай орж ирсэн учраас энэ үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжихгүй. Түүнээс одоо байгаагаараа дээр болж хувирч байна. Хуульчдын холбоог төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгуулсан мэргэжлийн хамтын удирдлагын байгууллага. Энэ хамтын удирдлагын байгууллага гэдэг нь юугаар тод харагддаг вэ гэхээр тэр зөвлөлөөрөө гол асуудлуудаа шийдэж явдаг. Гэтэл энэ төслөөр бүх эрх мэдлийг Ерөнхийлөгчид нэг хүнд өгөх гэж байна. Төрийн байгууллага захирах, захирагдах ёс үйлчилдэг. Дарга хэллээ түүнийг биелүүлдэг. Гэтэл одоо энэ бүх эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгөх гэж байгааг би хэрхэвч дэмжихгүй. Бүүр ялзарна. Сая Хуульчдын холбооны Ерөнхийлөгч хэлж байна. Хуульчдын хураамжаар авсан дансандаа нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж. Харилцахын данс биш, хуульчдынхаа үйл ажиллагаанд зарцуулдаггүй хадгаламж гэж юу яриад байна. Хэзээ хадгаламж цуглуулаад хугацаатай хадгалаад хүүг нь идээд байж байсан юм. Ийм болтлоо ялзарсан, хаалттай. Сая Баасандорж дарга хэлж байна “Хуульчдын холбооны тайланг Хууль зүйн яаманд ирүүлж хянадаг байна” гэлээ. Юу яриад байгаа юм бэ, Баасандорж оо. Манай залуучууд ийм залуугаараа ялзарчихдаг юм байх даа. Төр өөрөө ХЗЯ хуульчдын лицензийг олгодог байхад авлигажаад, ялзраад танил талаараа хуульчдын лиценз өгөөд байна гээд үүнийг олон хүнтэй мэргэжлийн төрөөс хараат бус Хуульчдын холбоо эрхэл гээд өгч байхад үүнийг буцаад ХЗЯ хянадаг болох тухай ярьж байна. Залуу хүний ялгаа юу байна. Ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Овоо Хуульчдын холбоог төржүүлэх гэж байгаа юм. Хуульчдын холбоо олон нийтийн байгууллага. Дарга хэв шинж оруулахгүй гэдэг үүднээс ерөнхийлөгч нь 2 жил тутамд ротациар шинэчлэгдэж байдаг. Гэтэл үүнийг нь 4 жил болгоод бүх эрх мэдлийг ерөнхийлөгчид төвлөрүүлжээ. Олон нийтийн байгууллага гэдэг хэв шинж алдагдаж байна" гэлээ.