Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч зээл авахад тулгардаг гол бэрхшээл нь барьцаа хөрөнгө хүрэхгүй асуудал байдаг. 10 их наядын хөтөлбөрийн "Ажлын байрыг хадгалах" гурван хувийн хүүтэй зээл авахаар хандаж байгаа аж ахуйн нэгжүүдэд ч энэ асуудал тулгамдаад буй.
Тэгвэл зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулах боломжтой юм.
Энэ асуудлаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнөөс тодрууллаа.
Тэрээр “Зээлийн батлан даалтын сан нь ажлын байрыг дэмжих зээлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг. Харамсалтай нь иргэд Төрийн батлан даалтын сангаар үйлчлүүлж байгаагүй болохоор хандахгүй байна. Зээлийн батлан даалтын сангийнхан барьцаа дутагдалтай аж ахуйн нэгжүүд манайхаар ирж үйлчлүүлээч ээ гэдэг хүсэлт, сурталчилгааг байнга явуулж байгаа. Энэ нь яг хөрсөн дээрээ ажиллаж өгөхгүй байна гэж харж байна. Сүүлийн мэдээгээр 140 орчим аж ахуйн нэгж хандсан. Үүний 77 орчим аж ахуйн нэгж энэхүү баталгааг авсан. Бодит голдиролдлоо ортлоо Зээлийн батлан даалтын сан зорилтот бүлэг рүүгээ хүрч ажиллаасай гэдэг утгаараа зохицуулах байгууллагаас нэлээдгүй анхаарал хандуулж холбогдох зохицуулалтын тохиргоог хийж ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор банкуудад лимит олгосон. Магадгүй харилцагч нар шат дараалал ихтэй гэдэг утгаараа очихгүй байна уу, итгэл муу байна уу гэдэг таамгийг бид дэвшүүлээд банкаараа дамжуулаад очих шаардлагагүйгээр энэхүү баталгааг гаргуулж авах боломжтойг хэлж байгаа. 100 сая төгрөгийн зээл авах гэж байгаа бол 60 сая төгрөг дээр нь баталгаа гаргаж өгнө. 40 сая төгрөг дээр нь тухайн харилцагч үндсэн хөрөнгө юм уу холбогдох эргэлтийн хөрөнгөө тавиад энэхүү зээлд хамрагдах бүрэн боломжтой” гэлээ.