Цаг үеийн асуудлаар Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
-Манай улсын иргэд гадаад улс орнууд руу зорчиход ямар шаардалга тавьж байгаа вэ. Заавал вакцины хоёр тунг хийлгэсэн байх хэрэгтэй юу. Вакцины гэрчилгээ шаардах уу?
-Дэлхийн улс орнууд гадаад хилээрээ нэвтрүүлж байгаа гадаадын иргэдэд янз бүрийн шаардлага тавьж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар албан ёсоор хоёр тун хийлгэсэн гадаадын иргэдийг зөвхөн нэвтрүүлнэ гэсэн хатуу шаардлага тавьсан улс орон байхгүй байна. Иргэдийн дунд ийм ташаа ойлголт байна. Улс орнууд иргэддээ вакцины нэг, хоёрдугаар тунг хийлгэсэн гэсэн гэрчилгээг олгож эхэлсэн. Манай улс ч хувьд ч гэсэн бусад улс орны жишгээр энэ гэрчилгээг олгоход бэлэн болсон. Хамгийн гол нь уг гэрчилгээ нь гадаад улс хүлээн зөвшөөрснөөр тухайн иргэнийг чөлөөтэй нэвтрүүлэх, нэвтрүүлсэн тохиолдолд тусгаарлахгүй байх яриа хэлэлцээрийг ГХЯ-наас одоо хийж байна. E-Mongolia системээс иргэд гэрчилгээгээ авч болж байгаа. Хэрэв гадаадад зорчих хүсэлтэй иргэд байвал тухайн улсын визийг эхний ээлжинд авах ёстой.
Өнөөдөр дэлхийн 117 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан байна. Тиймээс вакцины гэрчилгээтэй бол шууд явна гэсэн ойлголт байхгүй. Дахин тодотгож хэлэхэд гадаад руу явж байгаа иргэд заавал гэрчилгээ ав гэсэн үг биш. Зорчих гэж буй улс вакцин хийлгэсэн нотлох баримт шаардвал манай улсаас монгол болон гадаад хэл дээр энэ төрлийн гэрчилгээг бүрэн олгох боломжтой болсон. Тухайн хүн явах гэж байгаа улсаа сайн судлах шаардлагатай.
-Вакцин хийлгэсэн иргэд гадаадад зорчиход тухайн улс тусгаарлах арга хэмжээг авах уу?
-Хүмүүс их асууж байгаа. БНСУ хоёр тун хийлгэсэн иргэдийг тусгаарлахгүй гэж байна гэж. Энэ нь зөвхөн өөрийн улсын иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсан шийдвэр байсан. Хэрэв БНСУ-ын иргэн бүрэн тунд хамрагдсаныхаа дараа гадаад руу яваад буцаад ирэх юм бол тусгаарлахгүй гэсэн арга хэмжээ юм. Бусад улсаас ирж байгаа иргэд бүрэн тунд хамрагдсан бол тусгаарлана, үгүй гэдгээ шийдсэн улс орон их цөөхөн байна. Одоогийн байдлаар гадаадаас ирж байгаа иргэдэд PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг тавьж байгаа. Зарим улс орны хувьд хатуу хөл хорионы дэглэмтэй, тусгаарлалтын дэглэм заавал хийж байна. БНСУ гэхэд гаднаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна. Европын орнууд 5-10 хүртэлх хоногийн тусгаарлалтын горим шаардаж байгаа. Гэхдээ гэртээ өөрийгөө тусгаарлана гэж байгаа. Вакцин хийлгээгүй иргэдийг нэвтрүүлэхгүй гэсэн улс орон ялангуяа манай улсаас хийгдэж байгаа нислэгүүдэд байхгүй.
-Эх орондоо ирэх иргэд заавал вакцин хийлгэсэн байх шаардалгатай юу. Тухайн улс оронд вакцин хийлгээд ирсэн иргэдийг тусгаарлах уу?
-УОК-ын шийдвэрээр Монгол Улсад гадаадаас ирж байгаа бүх хүн вакцинд хамрагдаагүй, эсвэл эхний тунгаа хийлгээд хоёрдугаар тунгаа хийлгээгүй, хоёр тун хийлгэсэн боловч олон улсын эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу 14 хоног өнгөрөөгүй бол тусгаарлах байранд долоо хоног тусгаарлана. Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоног өнгөрсөн бол энэ мэдээллээ тухайн авиа компани хилийн мэргэжлийн албанд өгөөд тусгаарлагдахгүй шууд гэртээ харина. Монгол хүн эх орондоо ирэхэд заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Вакцинд хамрагдаагүй бол ирж болно. Нээлттэй. Гэхдээ долоо хоног тусгаарлагдана. Гэхдээ Өмнөд Америк, Өмнөд Африк, Энэтхэг гээд мутацийн хувилбар илэрсэн халдварын эрсдэл өндөр байгаа газраас ирж байгаа иргэдийг 7 хоногоос дээш хоногоор тусгаарлана.