Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдана.
Бид ЕАШТ-д оролцох 24 багийг цувралаар танилцуулж байна.
ЕВРО-2020: Португал улсын шигшээ баг
– Дэлхийн чансаа: 5
– ЕАШТ-нд оролцсон байдал: 7 удаа оролцохдоо 2016 онд алт, 2004 онд мөнгө, 1984, 2000, 2012 онуудад хүрэл медаль хүртсэн
– Шигшээ багийн дасгалжуулагч: Фернандо Санчес
– Шигшээ багийн ахлагч: Кристанио Роналдо
– Гялалзах од: Жоа Фелькс
Португалын шигшээ баг Аваргын цомыг хамгаалагчийн дүрээр оролцож байна. Португалын шигшээ Ф.Санчес дасгалжуулагчийн удирдлага дор тун боломжийн тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд 2016 оны ЕАШТ болон 2019 оны Европын Үндэстнүүдийн цомын анхны тэмцээнд түрүүлсэн. Харин 2018 оны ДАШТ-нд бага зэрэг азгүйтэж шөвгийн 16-д Уругвайн шигшээ багт 2-1 харьцаатай хожигдсон. Мэдээж энэ удаагийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгчид байх нь гарцаагүй. Тэр дундаа нэгэн аравныг эзэгнэсэн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, Баллон д‘ор шагналын 5 удаагийн эзэн К.Роналдогийн шигшээ баг дахь сүүлчийн олон улсын тэмцээн байхыг үгүйсгэхгүй. Учир нь энэ жил 36 нас хүрч буй К.Роналдо ирэх оны 12 сард явагдах Катарт болох ДАШТ-нд оролцохгүй байж магадгүй. К.Роналдогийн мэргэжлийн замнал өндөрлөх тийшээ хандаж байгаатай зэрэгцээд Португалын шигшээ багт шинэ үе гарч ирж байна. 2019 оны Европын Үндэстнүүдийн цомын тэмцээний мэргэн бууч Г.Гуэдэс, 2018 оны 18 хүртэлх насны Европын аваргын алтан медальт Ф.Тринка, залуу довтлогч Ж.Фелькс, Д.Жиота, П.Нето, хамгаалагч Н.Мендес гээд Португалын дараа үеийн залуус гарч ирж байна. Эдгээр залуусаас ЕАШТ-нд өөрийгөө харуулах тоглогчид гарч ирэх байх.
Португалын шигшээ баг ЕАШТ-ний урьдчилсан шатны В хэсэгт Украйн, Серби, Люксембург, Литвийн шигшээ багуудтай багтсан. Хэсэгтээ 8 тоглолт хийснээс 5 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтой хэсгээс дэд байраар шалгарч тивийн аваргын эрхээ авсан. Ф.Сантос урьдчилсан шатанд А.Шевченкогийн удирдсан Украйныг шигшээ багаас хожил авч чадаагүй бөгөөд 1 тэнцэж, 1 хожигдсон. Өөрсдийн чансаагаас 19 байраар дор байгаа багаас хожил авч чадахгүй байгаа нь Европын аваргад нэгийг хэлээд байна. Учир нь Португалын шигшээ баг ЕАШТ-ний F хэсэгт Франц, Герман болон Унгарын шигшээ багуудтай багтсан. Энэ хэсэг ЕАШТ-ний “үхлийн” хэсэг бөгөөд сүүлийн Европын аварга, сүүлийн дэлхийн аварга багууд дээр Герман “машин” багтсан. Мэдээж хөлбөмбөг сонирхогчид Унгарын шигшээ багийг тооцооноос хассан байгаа ч бөмбөг бөөрөнхий тул аль нэг багт том саад болохыг үгүйсгэхгүй. Йимд энэ хэсгийн тоглолт бүр чухал юм.
Дасгалжуулагч Ф.Сантос багаа уламжлалт 4-4-2 хувилбараар тоглуулдаг бөгөөд зарим үед даймонд хэлбэртэй буюу хойноо тулгуурын хагас, урдаа довтолгоо дэмжсэн хагасаар тоглодог. Португалын арын хамгаалалтанд үе солигдож байгаа. Пепе, Фонте нар 40 хүрч байгаа ч шигшээ багтаа тоглосоор байгаа. Харин тэдний байрыг Р.Диас, М.Руй, Р.Гуэррейро нар авч байгаа бөгөөд ЕАШТ-нд эдгээр залуус гараанд ахмад хамгаалагчидтай ээлжлэн гарах болов уу? Дундын шугам ид залуусаас бүрдэж байгаа. ЕАШТ-ний урьдчилсан шатанд дасгалжуулагч Ф.Сантос хувилбараа хэд хэдэн тоглолтонд өөрчилж үзсэн. 5-1-5-1 хувилбараар тоглоход тулгуурын хагас дээр Данило тоглож үзүүр дээр А.Силва эсвэл К.Роналдо гарч байсан. Мөн 4-3-3, 4-2-3-1 хувилбараар ч тоглосон. Магадгүй Ф.Сантос урьдчилсан шатанд уламжлалт 4-4-2 хувилбараас өөр хувилбараар туршиж үзсэн болов уу?
ЕАШТ-нд оролцох боломжтой тоглогчид:
– Хаалгач: Р.Патрисио (Волверхэмптон Уондерерс), А.Лопес (Лион), Ж.Са (Олимпиакос), Р.Силва (Гранада)
– Хамгаалагч: Пепе (Порто), Х.Фонте (Лилль), Р.Гуэррейро (Боруссиа Дортмунд), Кедрик (Арсенал), Р.Диас, Ж.Кансело (хоёулаа Манчестер Сити), Н.Мендеш (Спортинг), Д.Дуарте (Гранада), Н.Семедо (Волверхэмптон Уондерерс)
– Хагас хамгаалагч: Ж.Моунтиньо, Р.Невес (хоёулаа Волверхэмптон Уондерерс), Б.Силва (Манчестер Сити), Б.Фернандес (Манчестер Юнайтед), Данильо (ПСЖ), Р.Санчес (Лилль), А.Гомес (Эвертон), В.Карвальо (Реал Бетис)
– Довтлогч: К.Роналдо (Ювентус), Г.Гуэдэс (Валенсиа), Пуальнио (Спортинг), Ф.Тринка (Барселона), А.Силва (Айнтрахт Франкфурт), Р.Силва (Бенфика), Д.Жиота (Ливерпүүл), П.Нето (Волверхэмтон Уондерерс), Ж.Фелькс (Атлетико Мадрид)