Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны наадмын асуудлаар хандлаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАНАА
Зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх тухай
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналын дагуу энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна. Удахгүй болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо “…2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (Тухайн үеийн цолоор) начин цол олгох санал гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих…” саналыг танд 2019 оны аравдугаар сард хүргүүлсэн байна. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал хуваагдал гарч, сүүлийн гурван жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “…Үндсэн хуулийн 30-р зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн". Мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдгийн хувьд допингийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү.
Таныг хүндэтгэсэн,
ТЭРГҮҮНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ