Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас өнөөдөр Ардчилсан намын тамгатай холбоотой анхан шатны шүүхийн захирамжийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан М.Тулгат даргатай АН-аас мэдээлэл хийв. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "АН-ын тамгыг түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс түдгэлзүүлсэн. Тиймээс АН-ын тамга хууль зүйн хувьд хүчин төгөлдөр сэргэлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлсэн нь АН-ын тамганы маргааныг эцэс болгосон гэсэн үг. Одоо эргэлзээд байх зүйл үгүй боллоо. Тиймээс АН-ынхнаа нэгдэж, хүчээ нэгтгэхийг уриалж байна. Холын зорилгогүй бол ойрын зовлон салдаггүй гэдэг. Бидэнд одоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах холын зорилго байна. Бидний уналт босолт нэг шүү. АН гэдэг бол зөвхөн тамгаар, зөвхөн улсын бүртгэлээр явдаг нам биш. Тиймээс одоо зөвхөн урагшаа харж, нэгдэж зүтгэх хэрэгтэй байна.
Одоо АН-ын даргаар М.Тулгатыг бүртгэхэд ямар нэгэн саадгүй боллоо" гэсэн юм.