Эрүүл мэндийн яамны Газрын дарга Л.Энхсайхан цар тахлын зэрэгцээ мэдээллийн цар тахлын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Ковидийн цар тахлаас гадна мэдээллийн цар тахал гэж байна. Хүний тархи амардаг хэд хэдэн нөхцөл байна. хэт их мэдээлэл дунд байвал хүний тархи амардаггүй. Шөнийн 22:00 цагаас 04:00 цаг хүртэл унтаж байж хүний тархи амардаг. Тархийг ядраадаг цахим хэрэглээнээс татгалзах, зохистой хэрэглэх шаардлагатай. Дасгал хөдөлгөөн маш чухал. Тархи амрахад булчин ажиллах ёстой. Ингэснээр хүний биеийн цусан хангамж сайжирч, хүчил төрөгчийн зохих хэрэгцээг авна. Мэдээллийн цар тахалд ядрахгүйн тулд цаг, заваа зохицуулж ажиллах хэрэгтэй. Ажлаа төлөвлөхгүй шөнөжин ажилладаг хүмүүс байдаг. Хүн ганцхан шөнө нойргүй хоноход сэтгэл гутралын хөнгөн хэлбэр үүсдэг. Байнга нойргүй хонохоор зүрх судасны болон бусад архаг хууч өвчнийг сэдрээх магадлал байдаг.
Хамтдаа цар тахлыг давахын тулд ажил, амралтын дэглэмээ зохицуулж, мэдээллийг хүлээж авахдаа шүүлтүүртэй хандах, аль болох эвтэй найртай байх, уурлаж, уцаарлахгүй байх нь чухал" хэмээн анхаарууллаа.