Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Нэгдүгээр тундаа хамрагдчихаад хоёрдугаар тундаа хамрагдахаас эргэлзэж байгаа хүмүүс байна. Ямар ч вакцины хоёр дахь тунг хийлгэж байж хүний биед хамгаалах уураг өсдөг. Эхний тунг хийлгээд багахан хэмжээний уураг үүснэ. Харин хоёр дахь тунг хийлгэснээр уг уургийн хэмжээ эрчимтэй нэмэгдэнэ. Бид вакцин хийлгэж байгаа ч агаарт вирус эргэлдсэн хэвээрээ байгаа. Аюул арилаагүй байгаа учир тайвширч болохгүй.
Вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа хамгаалах үйлчилгээ эхэлнэ. Тиймээс амны хаалтаа зүүн олон хүн цугласан газарх очихгүй байх, зай барих зэргээр гам сайн барих хэрэгтэй байна.
Ковидын вакцинууд нь бусад вакцинтай ижил химийн бүтэцтэй, хүн бүрийн онцлогоос хамаарч хариу урвал илэрнэ. Вакцинд даралт ихэсгэх найрлага байхгүй.
Вакцинжуулалтын дараа хүн амын хөдөлгөөн 90 хувиар нэмэгдсэн байна. Манай улс 18-аас дээш насны 2 сая иргэдийнхээ 1.8 саяыг вакцинжуулж байна. Хүн хоорондоо ярихад 2 метрийн орчим зайд шүлс үсэрч байдаг учраас энэ бүхнээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хамгийн багаар хүн амын 80 хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулж хамгааллаа гэж бодоход 20 хувь нь буюу 400 гаруй мянган хүн өвчлөх эрсдэл байна. Тиймээс дахин шинэ давлагаа гарах эрсдэл байгаа учраас аялж зугаалахгүй байх, цахимаар хуралдах, олон нийтээрээ цуглахгүй байх, халдвараас сэргийлэх дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй байна. Нийт шинжилгээнээс эерэг илрэх хувь өндөр хэвээр байгаа гэдгийг бүгд анхаарах хэрэгтэй" гэлээ.
Вакцинжуулалын үр нөлөө нийт хүн вакцинжуулах хүн амын 95-аас дээш хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдан 21-ээс дээш хоносны дараа гарах аж.