“Тэр” буландаа дуучин Нара буюу М.Нарантуяаг урилаа. Энэ удаад түүнтэй уран бүтээлээсээ яагаад холдон иргэний нийгмийн байгууллагад ажиллах болсон талаар болон өнгөрсөн хугацаанд эрхэлж байсан бизнесийн салбаруудынх нь тухай ярилцлаа.
-Өөрийг тань одоо ч дуучин Нара гэдэг. Арай эрт урлагаас орхив уу гэсэн бодол байдаг. Яагаад урлагаас хөндийрсөн юм бэ?
-Японы Токио хотын Tokyo School of Music хөгжмийн мэргэжлийн сургуульд дуулаач мэргэжлээр төгссөн 2005 онд Монголд албан ёсоор дуучны хувьд дебют хийж гарч ирсэн.
Зарим хүмүүс яагаад ийм эрт урлагаа орхив гэж байнга асуудаг. Урлагаа албан ёсоор орхисон зүйл байхгүй. Харин яагаад урлагаас хөндийрөх болсон бэ гэвэл гайхамшигтай тайзан дээр гялалзаад алга ташилтаар дүүрэн байж бууж ирэхэд нийгмийн амьдралын шударга бус зүйлс, гэр бүл салалтын асуудал, хүүхдийн эрүүл мэнд, амьдрах ээлгүй орчин гэх мэтчилэн аймшигтай зүйлүүдийг хараад маш их сэтгэл эмтэрсэн. Иргэний нийгмийн байгууллагад дуу хоолойгоо өргөж энэ нийгмээ илүү сайн сайхан болгоход өөрийгөө зориулах нь зүйтэй юм байна гэж бодсон.
-Сайн үйлсийн олон ажлуудын хийж байсан шүү дээ?
-Сайн үйлсийн аянуудыг 2006 оноос анх эхэлж хийсэн. 2012 онд албан ёсоор иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх, өргөх ажлын өрнүүлж эхэлсэн. 2018 онд нийслэлийн голомтод утааны асуудал хамгийн том асуудал байсан.
Энэ асуудлын хүрээнд өөрийн удирдаж байсан Бэхи ТББ-ын ажлаар Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн 50 хүүхдийн эмчилгээний өрөөг агаар шүүгч тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож байлаа.
Нийгмийн ажлуудаас ярих юм бол саяхан "Шинэ өлгий" аяныг маш амжилттай зохион байгуулаад нийслэл төдийгүй, 21 аймаг даяар өлгий шинэчлэлийг бүрэн зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар бол Metoo Mongolia хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар ажиллан энэ хөдөлгөөний хүрээнд охид эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх ажлыг удирдан зохион байгуулж байна. Энэ тэмцэл маш ээдрээтэй, адармаатай. Тэр дундаа УИХ-ын гишүүн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж, төрийн хамгаалалттай дархан эрхтэй хүнтэй тэмцэж байгаа тэмцэл учраас амаргүй байгаа. Гэсэн хэдий ч Metoo Mongolia хөдөлгөөн энэ нийгэм дэх охид эмэгтэйчүүд бэлгийн дарамт, хүчирхийлэлгүй байдлын төлөө тэмцсээр хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоож чадна гэдэгтээ маш итгэлтэй байгаа.
-Бизнесийн салбар руу хэрхэн орж байв?
-Урлагаа орхиод иргэний нийгмийн байгууллагад дуу хоолой болоод шударга бус үзэгдлийн эсрэг тэмцэхэд бизнесийн орлого чухал болдог юм байна. Өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөж ажил орлоготой байхын тулд сүүлийн 5-6 жилийн дотор маш их уйгагүй зүтгэж олон бизнесийн салбар руу орж, дийлэх нь унасан бүтэлгүйтлийн амжилттай хүн.
Маш гоёмсог, хүүхдэд ээлтэй, гоё орчин бүрдүүлж өгөхийн тулд ясли хүртэл байгуулж ажиллаж байсан. Бизнесийн салбарт ресторан, Boutique дэлгүүр хүртэл нээж үзсэн. Сүүлийн хоёр жил ковидийн улмаас Boutique дэлгүүр маань хаагдах гэх мэт зүйлс намайг ч бас тойрсонгүй.
-Эргээд харахад энэ салбарт хийсэн бүтээсэн бүхнээсээ юу нь илүүтэй сургамж болон үлдсэн бэ?
-Бизнесийн уналтуудаас нэг зүйлийг олж харсан нь хамгийн гол нь бодлогын хүрээнд улс орон даяар ялангуяа залуучуудыг жижиг бизнес, аж ахуй эрхлэх талаар дэмжих бодлого асар их дутагдалтай байдгийг ойлгосон. Яг одоо дуучин Нара байсан бол зөгийчин Нара болсон.
Зун, намар, хавартаа Сэлэнгэ аймгийн Мандал сум тавдугаар баг Түнхэл тосгонд ажиллаад таван жил болох гэж байна. Хүний бие эрүүл мэндэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн гаргаж, байгаль экологид ээлтэй, нэн ач холбогдолтой аж ахуйн бизнес эрхэлж байгаадаа өөрөөрөө багагүй бахархдаг. Миний бизнесийн уналтуудыг би ямар ч байсан гараа хумхиж суугаагүй. Залуу хүнийхээ хувьд оролцсон, хийж үзсэн туршсан, зүтгэсэн. Алдаа оноо бүхнээсээ эргүүлээд амжилт болох зүйлсийг ухаарсан. Тиймээс туршсан хийсэн бүхэн маань миний хувьд амжилт юм даа гэж би боддог.