С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүх хаалттай хянан хэлэлцлээ.
Улсын дээд шүүхээс тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасан байна. Хяналтын шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн бол Ц.Амгаланбаатарын өмнө нь үйлдсэн гэмт хэргийн шийтгэлийн хугацаа үргэлжилж байгаа юм.
Өмнөх шатны шүүхээс 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаад байсан юм.
Өнөөдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 401-р хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгээс батлан даалтаар суллалаа.
Энэ үеэр Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "Дүүтэйгээ нартайд гадаа уулзана гэж бодож байсангүй. Сайхан байна. 2016 онд дүүтэйгээ Төв аймгийн хорихт шилний наана цаанаас уулзахад ахаа би хэрэг хийгээгүй намайг аваад гараач гэхэд ах хүний хувьд элэг зүрх урагдах шиг болж байсан. Дүүгээ гаргахын төлөө зургаан жил тэмцлээ. Тодорхой хэмжээнд үр дүнд хүрлээ гэж бодож байна.
Дүүгийн маань сүүлийн жилүүдэд зүрх нь өвддөг, даралт ихэсдэг болсон. Шулуун нарийн гэдэсний хагалгаа хийлгэсэн. өнгөрсөн жил шүд нь өвдөөд эмчилгээ хийлгэсэн. Өнөөдөр батлан даалтад гарахаа дуулаад баярласнаас зүрх нь өвдлөө. ШШГЕГ-ын харьяа хорих ангийн эмч нар их сайн эмчилгээ хийсэн. Тэдэнд баярлалаа гэж хэлээрэй хэмээн дүү маань надаар дамжуулсан. Би сая Т.Содномдаржаатай үг сольж чадсангүй. Н.Оюунцэцэг өмгөөлөгчид маш их баярлалаа.
Энэ хүмүүсийн амьдрал өнгөрсөн зургаан жилд байхгүй боллоо. Ар гэр нь айлын хажуу өрөө хөлслөөд ач, зээ нь эмээгээ танихгүй боллоо. 30 жилийн дараа тагнуулын архивыг үзэхэд энд данстай хүн байна шүү дээ. Тэр үед хүүхдүүд нь манай ээж, аав ямар хэрэг хийсэн учраас Тагнуулынханд мөрдөгдөж байсан юм бэ гэдэг асуудал яригдана. Ийм л хар мөр бидний амьдралд үлдлээ.
Өнгөрсөн хугацаанд миний үгийг дамжуулсаар ирсэн хэвлэлийнхэнд маш их баярлалаа. Энэ хэргийн материал удахгүй ил болох болов уу. Энэ хүмүүс одоо нийгэмшихэд хугацаа хэрэгтэй.
Дүү маань эмч нарт баярлалаа гэж хэлүүлсэн" гэлээ.