Утас зүүтэй найзлан хүүхэд багачуудад тоглоом урлагч бүсгүйг Эрдэнэбатын Амгаланбаяр гэдэг. Тэрээр нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Орхон их сургуулийг банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн ч бүл нэмэн хүү, охиноо өлгийдөн авсан залуухан ээж. Анхны хүүхдээ гаргаад гэртээ хоёр жил зүгээр суусан хэмээн инээмсэглэх тэрээр хоёр дахь хүүхдээ гаргаснаас хойш өөрийгөө өөрчлөхөөр шийджээ. Ажилгүй гэртээ суудаг гэх ээжүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлж, нөхөртөө эдийн засгийн хувьд ч туслахаар өөрийн хоббигоо бизнесээ болгон хэдийнээ өөрийн гэсэн үйлчлүүлэгч, захиалагчтай болсон байна.
“Гэртээ сууж байгаа ээжүүдийг ер нь ажилгүй ч юм уу, ээж л хүн биш бол ойлгодоггүй. Зүгээр л гэртээ хоол хийгээд сууж байдаг гэж боддог. Ээжүүд асар их ажил хийдэг. Түүний хажуугаар би нөхөртөө яа тус дэм болох вэ гээд онлайн бизнес хүртэл хийж үзсэн. Урдаас захиалга аван хүмүүст өгдөг байлаа. Тогтвортой юу хийж болох вэ гэж бодоод яг л нэхмэл тоглоом юм байна. Бид урдаас хятад тоглоом авч байснаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд хамгийн аюулгүй, эко тоглоомыг хүүхдүүддээ тоглуулаасай гээд бизнесээ эхлүүлсэн” хэмээн ярьсан юм.
10 жилийн хөдөлмөрийн хичээл дээр сурсан мэдсэнээ цахим орчноор судалж лавшруулан хөөрхөн тоглоомуудаа урлан өөрийн гэсэн урлантай болоод амжжээ. Тэрээр “Эхлээд хүүхдүүддээ нэхмэл тоглоом хийж өгөхөд маш дуртай, баярлаж хүлээж авсан. Миний хүүхдүүд ингэж хүлээж авч байгаа юм чинь бусад хүүхдүүдийг баярлуулья гэж бодож би нэхэж эхлээд гогцоо бүрд нь хайраа шингээж урладаг байгаа. Миний тоглоомуудын хамгийн бестселлер нь балетчин туулай, Эгдүүтэй хөөрхөн туулайхан байна. Би туршлагажихын тулд жижиг зүйлээс эхэлсэн. Одоо би тоглоомоо хийж сурсан учраас надтай адилхан хийж сурахыг хүссэн хүмүүст сургалт явуулдаг. Өөрт байгаа нөөцөө шавхан сэтгэл зүрхээрээ бусадтайгаа хуваалцдаг”
“Гар урлалын эко тоглоом” болон “Ami’s урлан” гэсэн групп, фейсбүүк пэйж хуудсаар зочлон түүний урласан хүүхэлдэйнүүдтэй танилцаарай.
Ноосон утас, дэгээ зүүгээр эко хүүхэлдэй урлагч Э.Амгаланбаяр гэртээ хүүхдээ асарч сууж байгаа ээжүүдэд өөрийнхөө хийх дуртай зүйлээ бизнесээ болгон амьдралдаа өнгө нэмэхийг уриалсан юм.