С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хаалттай хорих ангид 20 жилийн ял эдлэхээр шийдвэрлүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж байна.
Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэргийг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, хүргүүлсэн байна.
Ийнхүү дүгнэлт бичихдээ эл хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт "Шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно" гэх заалтыг үндэслэх аж.