Төрөөд удаагүй байсан хөхүүл эмэгтэй вакцин хийлгээд нэг өдрийн дараа нас барсан гэх мэдээлэл гарсан бөгөөд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гарсны дараа олон нийтэд мэдээлэл өгнө гэж ЭМЯ-наас мэдээлсэн.
Тэгвэл ШШҮХ-ээс урьдчилсан байдлаар суурь өвчлөлөөс буюу тархины цус харвалтаас үүдэн амиа алдсан талаар дүгнэлт гаргасан гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээллээ.
Тэрбээр мэдээлэл хийхийнхээ өмнө эрүүл мэндийн салбар болон ЭМЯ-ны зүгээс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгчдөд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдээд үүнийг вакцинаас үүдэлтэй хэмээх ташаа мэдээлэл тарсан нь бусад ээжүүдэд дархлаажуулалтад хамрагдахаас айж болгоомжлох, цаашлаад коронавирусийн халдвар авч, өвчлөх эрсдэл үүсгэж байна гэж үзсэн тул ийнхүү яаралтай мэдээлж байгаагаа тайлбарлав.
Мөн вакцинжуулалтын дараах урвал, хүндрэлийн хамаарлыг тогтоох хороо ажилладаг бөгөөд энд олон төрлийн эмч, мэргэжлийн хяналтын байцаагч, эмгэг судлаач, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба, дархлаа судлаачид ажилладаг гэдгийг дурдлаа.
"ШШҮХ-ийн эмгэг судлалын шинжилгээгээр бүсгүйн эндсэн шалтгаан вакцинтай ямар ч холбоогүй болох нь урьдчилсан байдлаар тодорхой болж эхэлж байна. Талийгаачийн оношийг танилцуулбал, тархины суурийн судасны өмнөд артерын духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт аневризм буюу судасны том хэмжээний цүлхэнтэй байсан байна. Энэ цүлхэн хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүсэж, уг эмгэгийн улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.
Энэ эмгэг нь дэлхийд болон Монгол Улсад нас баралтын шалтгаан, тэр дундаа халдварын бус нас баралтын шалтгааны тэргүүнд бичигддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар жилд 6200 хүн тархины харвалт оношоор эмнэлэгт хэвтэж, тусламж үйлчилгээ авч байна. Нас барах эрсдэл гэвэл 60-87 хувь нь тусламж авч чадахгүй, эсвэл тусламж авах явцдаа нас бардаг гэсэн статистик байна. Мэс заслын эмчилгээ хийгддэг. Хагалгаа амжилттай хийгдсэн ч хагалгааны дараах 14 хоногт нас баралт 16 хувьтай байдаг.
Сүүлийн үеийн судалгаагаар жилд 10 орчим жирэмсэн болон хөхүүл ээж нарт уг эмгэг тохиолдож, 2019 оны байдлаар хоёр эх эндсэн.
Харамсалтайгаар нас барсан эмэгтэй маань даралт ихсэх эмгэгээр сүүлийн жилүүдэд хянагдаж байсан, жирэмсний хяналтын картад мөн энэ талаар бүртгэгдсэн байна. Уг эмгэг санамсаргүй байдлаар оношлогддог, ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг. Тиймээс бусад шалтгаанаар шинжилгээ хийх явцад илэрдэг. Хармсалтай нь талийгаач эмэгтэй оношоо мэдэхгүй, санамсаргүй байдлаар судасны аневризм болсон нь вакцинжуулалтын цаг хугацаатай давхцаад тархинд цус харваж нас барсан байна.
ЭМЯ-ны зүгээс ийнхүү яаралтай мэдээлэл хийж байгаагийн шалтгаан нь вакцины улмаас хөхүүл эмэгтэй нас барсан гэсэн ташаа мэдээлэл нь цаашдаа олон хөхүүл, нялх хүүхэдтэй ээж нарт айдас төрүүлж, вакцинд хамрагдахгүй, улмаар халдвар авах өвдөх эрсдэл үүсэх тул мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ" гэв.