Мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй Н.Төгсцогт ээлжит тулаанаа тавдугаар сарын 29-ний өдөр хийхээр болсон билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тулааны албан ёсны шууд дамжуулах эрхээ аль нэг телевизэд үнэ төлбөргүй бэлэглэх болсноо дуулгажээ.
Н.Төгсцогт цахим хуудаснаа "Сайн байцгаана уу? Элэг нэгт Монголчууд, та бүхэндээ зуны тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг хүргэе! Мэргэжлийн боксын рингэн дэх 14 дэх тулаан маань болоход 18 хоног үлдлээ. Цар тахалтай энэ хэцүү цаг үеийг туулж буй монголчууддаа бага ч болов сэтгэлийн илч өгч, тулааны албан ёсны эрхээ аль нэг телевизэд өгч, үнэ төлбөргүй хүргэхээр шийдвэрлэснээ дуулгъя! Монгол Улс мандан бадраг! Монгол хүн бүртээ эрүүл энхийг хүсье!" хэмээжээ.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх 14 дэх тулаанаа Колумбийн Оскар Эскандоныг эсрэг хийх талаар гаднын хэвлэлүүд мэдээлж байна. Хоёр тулаанчийн хувьд өмнө нь 2018 онд тулалдахад Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж байлаа.