Улсын хэмжээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг байна. Харин СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд 900 СӨХ нэгджээ.
Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт дунджаар 3000-15000 орчим төгрөг бол Улаанбаатарт 15000-30000 төгрөг орчим байдаг. Үүний 10 хүрэхгүй хувь нь 200,000 төгрөгөөс дээш төлбөр авдаг байна. Эдгээр СӨХ-үүдэд нийт 24000 орчим ажилтан, албан хаагчид ажилладаг.
Иргэдийн дунд СӨХ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэггүй. СӨХ-ийн төлбөр огт төлдөггүй айлууд ч байдаг байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд СӨХ-ны асуудлаар дараах гомдлыг ирүүлдэг. Үүнд
- Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт
- СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай
- СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ
- Хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай
- Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байгаа тухай шүүмжлэлтэй ханддаг байна.
Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй СӨХ-ны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, СӨХ, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзжээ.
Ингээд эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгож нэгдсэн аппликэйшнтэй болж байгаа тухайгаа олон нийтэд зарлалаа. Эхний ээлжид СӨХ-ийн дээд зөвлөлийн гишүүн болох 900 СӨХ хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоо илэрхийлжээ.
Тус АПП-ийн хөгжүүлэлтийг “Юб колл” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.