ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн даваа гарагт Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлтэй холбоотой ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэх утгатай зүйлийг олон нийтэд мэдээлсэн байдаг.
Тэгвэл эл асуудалд Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр тайлбар өгч, мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би тайлбар хийх гэж ирээгүй, мэдэгдэл хийх гэж ирсэн. Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайдын нэр дээр олон жил намайг С.Зоригийн хэрэг дээр зохион байгуулалттай гүтгэсэн хэрэг болсон. Үнэн, зөвийг нь тогтоож өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан байдаг. Тухайн үед миний хүсэлтийг хуулийн байгууллагад нь шилжүүлсэн, хариу нь ирсэн. Хууль зүйн яам болон Улсын Ерөнхий прокурорын хариу ирсэн байдаг. Өнөөдрийг хүртэл хэргийн хариуг хүлээж суугаа хүн юм. Харин сүүлийн үед Ц.Нямдоржийн гаргаж байгаа хачин авирыг харах тусам хүсэлтээ буруу хаяглаж явуулсан юм шиг санагдаж байна. Тэр үед Хууль зүйн сайд Ц.Нямдорж байсан. Ялангуяа Ц.Нямдорж намайг С.Зоригийг бүрэлгэсэн байж болзошгүй гэх бодол улам бүр төрөх боллоо. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчтай холбоотой байх магадлалтай гэж бодож байна. Энэ хүн Хууль зүйн салбарыг 20 жил толгойлсон. Гэтэл өнөөдөр энэ хүн сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавьж байна. Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм ярьдаг боллоо. Маш зөрчилтэй, авцалдаагүй зүйл ярьж байна. Өнөөдөр айл гэр шатааж хүний аминд хүрсэн хүн ийм зүйл яриад сууж байна. Сэтгэц нь зүгээр байгаа даа гэх эргэлзээ төрүүлж байна. Ц.Нямдорж бол Монголын төрд гаднаас шургалсан хорт могой гэдгийг зориуд хэлж байна. Тиймээс тагнуулын байгууллагад хандана, шүүхийн байгууллагад хандана. Өнгөрсөн 20 жил С.Зоригийн хэргийг гацаалаа, зогсоолоо. Одоо С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай байж болзошгүй гэдэг өнцгөөс нь шалгах цаг болсон. Сонгууль дөхөхөөр л ийм хачин юм гаргадаг байдлаа МАН болих хэрэгтэй. Анх би энэ хэргийг улстөржүүлж болохгүй шүү гэж ард түмэндээ уриалж байсан. Ардын нам гэж новш 20 жил намайг гүжирдлээ. Өнөөдөр энэ новшийн нам гаднын агент Ц.Нямдоржоороо дамжуулж дахиад ийм ажлаа хийж байна. С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг явдалд ард түмнийхээ, үндэснийхээ эрх ашгийг бодож зогссон хүн надаас өөр байхгүй шүү. Би тэр үед ард түмэн, эх орноо бодсон шийдвэр гаргаагүй бол аюул болох байсан шүү. Энэ Ц.Нямдоржийн захиалагчтай холбоотой мэдэгдэл үнэн бол энэ гаднын захиалгатай гэдгийг мэдэгдэж байна.
С.Зоригийг бүрэлгэсэн хэргийг олоход би дэмжлэг үзүүлмээр байна. Би өнгөрсөн 20 жилийн хугацаанд эх орноосоо яваагүй. Намайг зөндөө байцаасан, гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг битгий яриараа гэсэн, би ярьдаггүй. С.Зориг шиг хүнийг бүрэлгэчихээд олж чадахгүй байгаа бол хуулийн байгууллага ажлаа хийж чаддаг эсэх асуудал хөндөгдөнө шүү. Тэгээд намайг байцаа л даа. С.Зоригийн хэргийг нууцаас гаргавал бүх зүйлийг ярьмаар байна. Намайг зөндөө гүтгэсэн, шоронд хүртэл аваачиж хийсэн. Гэхдээ С.Зоригийн хэргээр биш хүн зодсон гэж хорьсон байдаг. Тэр нь хэрэгсэхгүй болохоор С.Зоригийн хэрэгтэй холбоод шалгаж эхэлсэн. Би С.Зоригийн хэрэгтэй олон зүйлийг ярьмаар байна. Энэ хэргээ хурдан нууцаас гаргаач дээ" хэмээн тодотголоо.