Цар тахлын улмаас төр засгаас хэдэнтээ хатуу хөл хориог тогтоосон. Энэхүү хөл хорио тогтоох шийдвэр гарсан өдөр л хүнсний худалдааны төвүүд иргэдийн хөл хөдөлгөөнд дарагдан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт ихэсдэг. Эрэлтээ дагаад хомсдолд орсон бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Бид энэ удаад иргэдээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгааг тодрууллаа.
"Өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Ер нь ямар нэг юм болохоор худалдаа эрхлэгчид үнээ нэмдэг. Шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өснө. Тэгээд өссөн үнэ эргэж бууна гэж байхгүй. Улам л нэмж өсөөд байдаг"
"Хүнсний бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өссөн байна. Би сая өндөг захаас авахад 500 төгрөг болсон байна. Өндгийг өмнө нь Миний дэлгүүрээс 380-400 төгрөгөөр авдаг байсан"
"Барааны үнэ их өсөж байгаа. Иргэдэд 300 мянган төгрөгийн урамшуулал өгснөөс хойш хүнсний бараа бараг 500 төгрөгөөр нэмэгдсэн"
"Дэлгүүр ороод гарахад цүнхэн дэх мөнгөө хулгайд алдчихав уу гэж гайхтал барааны үнэ өссөн. Мах, гурил, будаа, элсэн чихэр гээд бүх хүнсний барааны үнэ нэмэгдсэн. Мөнгөө аваад гарна дэлгүүр ороод байхгүй болно. Яаж амьдрах юм бэ. Долдугаар сарын 1-нээс дулаан, цахилгааны мөнгөө төлөөд эхлэхээр ард түмэн яаж амьдрах уу. Үнэхээр хэцүү байгаа. Би 1960-аад онд жаахан байхдаа л манад дугаарладаг байсан. Одоо яг тийм байна. Нөөцийн маханд өглөө 09:00 цагаа 14:00 цаг хүртэл дугаарлаад нэг уут мах авч байна. Монгол Улс 100 жилийн ойгоо долдугаар сард хийх гэж байна. Тэгэхэд өнөөдөр махандаа дугаарлаад амьдрал ийм л байна. Юу хэлэх вэ. Бүгд мэдээд яриад байгаа мөртлөө бодит ард түмэн дээр буусан зүйл үнэхээр бага байна. Ард түмэн сайн сайхан болно гэж их л тэвчээртэй хүлээж байна даа. Тоотой авдаг цалин нь хаанаа ч хүрэхгүй байна. Өнөөдөр нэг талх 2000 төгрөг болсон. Ний нуугүй хэлэхэд дээдсүүдийн амьдрал л сайжирч байгаа байх. Түүнээс жирийн ард түмний амьдралд сайжирсан зүйл алга"
"Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Тодорхой хэмжээгээр буюу 20-30 хувь нэмэгдсэн"
"Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. 1000-2000 төгрөгөөр нэмэгджээ. Нэг тор хүнс авахад 60-70 мянган төгрөг болно"
"Хүнсний бүтээгдэхүүний үнэ их нэмэгдсэн. Өндөг 500-550 төгрөг болсон. Хөл хорио тогтоож, 300 мянган төгрөг тарааснаас хойш өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. Талх хүртэл 100-200 төгрөгөөр зарим нь 500-1000 төгрөгөөр өссөн. Би зах дээр очоод худалдаачдад хэлж байсан. Та нар шатахууны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэхэд барааны үнээ дагаад нэмдэг. Дараа нь шатахууны үнэ буухад хүнсний үнэ эргээд буурдаггүй. Юань хүртэл өсөхөд дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Юань өссөн бол дотоодын үйлдвэрийн гурилын үнэ адилхан нэмэгддэг гэдэг. Өслөө гээд нэмдэг харин буурлаа гээд хэзээ ч үнээ буулгадаггүй"