Коронавирусийн цар тахлын улмаас эрүүл мэндийн болон эдийн засгийн талаар шийдэх олон асуудал тулгараад буй. Халдварыг хумих, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг хэдэнтээ хэрэгжүүлсэн. Хатуу хөл хорионы улмаас бизнесүүд хумигдан иргэдийн орлого буурч, ажилгүйдэл нэмэгдсэн.
Бид иргэдээс ажил эрхлэлт ямар байгааг тодрууллаа.
Иргэн: Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа статистик мэдээллийг харахад 2020 онтой харьцуулахад нэлээд өссөн. Мөн миний танилын хүрээнд байгаа хүмүүсийн ихэнх нь ажилгүй болсон. Компаниуд нь хаагдаж, цар тахлын улмаас тэтгэмж авч чадахгүй хүмүүс олон байна.
Иргэн: Жил гарангын хугацаанд ажил, орлого хүнд тусаж байна.
Иргэн: Ажилгүйдлээс болоод хоол унд хомс байна. Өндөр настай иргэдийг их хохироож байна. Бидний тэтгэвэр 300 мянга. Дээрээс нь сая өгсөн 300 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй, хүүхдүүд ажилгүй байхаар хэцүү байна.
Иргэн: Манайх ам бүл дөрөв, хоёр хүүхэдтэй. Нөхрийн ажил зогссон. Бид ч яах вэ болгоод байгаа. Гэтэл биднээс хэцүү зөндөө байна. Гэр хороололд амьдардаг хүмүүст чанга байгаа гэж хүмүүсээс сонссон.
Иргэн: Ажилгүй, ажил зогссон гээд хүн болгон л хэлж байна.
Иргэн: Мэдээж бүх зүйл зогссон болохоор тодорхой хэмжээний ажилгүйдэл байгаа. Би төсвийн байгууллагад ажилладаг. Энэ хүнд хэцүү үед зохицохоос ч өөр яах билээ.