Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдана.
Бид ЕАШТ-д оролцох 24 багийг цувралаар танилцуулж байна.
-ФИФА чансаа: #2
– ЕАШТ-нд үзүүлсэн амжилт: 9 удаа оролцохдоо 1984, 2000 онуудад алт, 2016 онд мөнгө, 1996 онд хүрэл медаль хүртсэн
– Дасгалжуулагч: Дидье Дешам
– Багийн ахлагч: Уго Льорис
– Гялалзах од: К.Мбаппе
Буурал Европын хөлбөмбөгийн АШТ-нд өндөр амжилт үзүүлсэн багуудын нэг бол Францын шигшээ баг юм. Баллон д’ор шагналын 3 удаагийн эзэн алдарт М.Платини эрин үед сүүлд дэлхийн шилдэг тоглогч З.Зиданы үед Европын аваргаар тодорч байсан. Харин одоогоос 5 жилийн өмнө ЕАШТ-ний шигшээд К.Роналдо тэргүүтэй Португалын шигшээ багт хожигдож мөнгөн медаль хүртсэн. Францын дасгалжуулагч 2016 оны ЕАШТ-ээс хойш тактиктаа өөрчлөлт хийж 4-4-2 хувилбараас 4-2-3-1 болон 4-3-3 хувилбараар тоглох болсон. Энэ нь ч үр дүнгээ өгч 3 жилийн өмнө ДАШТ-нд түрүүлсэн.
Францын шигшээ баг ЕАШТ-ний урьдчилсан шатны Н хэсэгт Турк, Исланд, Албани, Андорра, Молдавын шигшээ багуудтай тоглож 8 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой хэсгээ тэргүүлсэн. Тэд урьдчилсан шатанд Туркийн шигшээ багтай 2 тоглолт хийхдээ нэг тэнцэж, нэг хожигдсон. Урьдчилсан шатанд Туркийн шигшээг буулгаж чадаагүй Францын шигшээ багийн хувьд ЕАШТ-ний сугалаа илүү их ажиллах хэрэгтэйг сануулсан болов уу? Учир нь Туркийн шигшээ багаас хүчирхэг Португал, Германы багуудтай Тивийн аваргын нэг хэсэгт багтсан. Магадгүй найдвартай оноо салгах боломжтой баг нь Мажаруудын эсрэг хийх тоглолт байх. Гэхдээ өнгөрсөн 5 жилийн дотор 2 том тэмцээний шигшээд шалгарсан Францууд хэсгээс гарах, цаашлаад түрүүлэх зорилготой байх нь гарцаагүй юм. Ялангуяа дасгалжуулагч Д.Дешамын хувьд маш чухал юм. Хэрвээ энэ жилийн ЕАШТ-нд түүний удирдсан Францын шигшээ баг түрүүлж чадвал тамирчин болон дасгалжуулагчаар ДАШТ, ЕАШТ-нд түрүүлсэн цорын ганц эрхэм болно. Д.Дешам 5 жилийн өмнө тивийн аваргын алтан цомоос атгаад алдсан.
Одоогийн Францын шигшээ баг 4-2-3-1 хувилбараар тоглодог. Төвийн 2 хагас дээр Н.Кантэ, П.Погба нар бөмбөгийг сайн барьж чаддаг, урдаа О.Жиру, түүний ард А.Гризманн гэсэн сонголт байгаа бол жигүүрийн довтолгоонд энэ цаг үеийн залуу авьяастан К.Мбаппе бий. Бэртэл, гэмтэл бол тивийн аваргын өмнө байхгүй бөгөөд тамирчид лигүүдийг бэртэлгүй өндөрлүүлж чадвал Францын шигшээ баг хшчирхэг бүрэлдэхүүнтэйгээр оролцох боломжтой. Хүчирхэг бүрэлдэхүүнтэй ч багийн дотоод уур амьсгал сайнгүй, сахилга батгүй байсан шигшээ багаа амжилттай нэг зорилго дээр аваачин зангидаж чадсан Д.Дешамд дуусгаагүй ажил ганц л үлдсэн.
Францын шигшээ багийн тоглогчид (23 тоглогч тивийн аваргад оролцоно)
– Хаалгач: У.Льорис (Тоттенхэм Хотспур), С.Манданда (Марсель), А.Ареола (Фүлхэм), Б.Костил (Бордо), М.Майнан (Лилль)
– Хамгаалагч: Р.Варане, Ф.Мэнди, (хоёулаа Реал Мадрид), К.Ленглэт (Барселона), Б.Павар, Л.Эрнандес (хоёулаа Бавари Мюнхэн), Л.Динэ (Эвертон), К.Зума (Челси), Л.Дюбойс (Лион), П.Кимпэмбэ (ПСЖ)
– Хагас хамгаалагч: Н.Кантэ (Челси), П.Погба (Манчестэр Юнайтэд), К.Толиссо (Бавари Мюнхэн), Т.Лемар (Атлетико Мадрид), М.Сиссоко, Т.Ндонбэлэ (хоёулаа Тоттенхэм Хотспур), А.Рабиот (Ювентус), С.Нзонзи (Ренн)
– Довтлогч: А.Гризманн, У.Дембэлэ (хоёулаа Барселона), О.Жиру (Челси), К.Мбаппе (ПСЖ), К.Коман (Бавари Мюнхэн), А.Марсиаль(Манчестер Юнайтэд), В.Бен Йэддэр (Монако), Н.Фекир (Бетис)