АНУ-ын Засгийн газар “Pfizer/BioNTech” компанийн бүтээсэн 12-15 насны хүүхдийн вакцинд өчигдөр зөвшөөрөл олгосныг Reuters мэдээллээ. Тус улс нь өдгөө 16-гаас дээш насныханд “Pfizer/BioNTech”-ын вакциныг хэрэглэж байгаа юм. Гэхдээ АНУ-ын хүн амын дархлаажуулалтад хэрэглэж буй вакцинуудаас ганцхан “Pfizer/BioNTech” вакциныг 16, 17 настнуудад тарьж байна. Бусад үйлдвэрийн вакцинууд нь 18-аас дээш насныханд зориулагдсан юм.
Covid-19 авсан ихэнх хүүхдүүдээс ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, эсвэл маш хөнгөн өвчилж байгаа ба энэ нь бусдад вирус тараах эрсдэлтэй байгаа билээ.
“Pfizer” компани вакцинаа 12-15 насны 2260 хүүхдэд туршсан ба халдвараас 100 хувь сэргийлж байгаа нь нотлогджээ.
Канад улс энэхүү вакциныг 12-15 насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн анхны улс болсон бол АНУ ийнхүү хүүхдүүдээ “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах хоёр дахь улс боллоо.
АНУ-ын хүн амын 46 орчим хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байгаа ч дөрөвдүгээр сарын дундаас эхлэн вакцинжуулалтын явц удааширсан. Өнгөрсөн сарын дундуур өдөрт дунджаар 3.3 сая гаруй тун вакциныг дархлаажуулалтад ашиглаж байсан бол тавдугаар сарын 4-ний байдлаар 2.1 сая тун болж буурчээ.