Засгийн газрын 100 хоногийн өнөөдрийн уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ.
Уулзалтын үеэр "Аливаа асуудал үүсэхэд парламентийн гишүүн шууд огцорно гэдэг амаргүй. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг асуудалд холбогдсон. Энэ хүнд хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байна уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд "Ц.Анандбазар гэм буруугүй бол түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Шалгуулсны дараа буцаад ороод ирж болно. Би ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудалд анхаарал хандуулна. Энэ бол нэлээд хавтгай болсон зүйл юм. Би өмнө нь тэдэн секунд нэг хүнийг харвал ажлын байрны бэлгийн дарамтад тооцно гэж хэлээд, шүүмжлэлд өртөж байсан. Ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудлаар журамлах зүйл нэлээд их бий. Би энэ талаар хариуцлага тооцох боломжтой субъектуудад өөрийн саналаа уламжилсан" гэсэн юм.
Мөн өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өглөө.
Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзсэн юм.