"Me too Mongolia" хөдөлгөөнөөс МАН-ын дарга У.Хүрэлсүхэд УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Анандбазарыг эргүүлэн татах албан шаардлага хүргүүллээ. Албан бичгийн хариуг долоо хоногийн хугацаанд буюу энэ сарын 15-нд өгөхгүй бол тэмцлийн бүхий л хэлбэрт шилжиж, шаардлагатай бол өлсгөлөн зарлана гэв.
Энэ талаар "Me too Mongolia" хөдөлгөөний зохицуулагч Э.Цэцэгсайхан "Me too хөдөлгөөн дөрөвдүгээр сарын 12-ноос Монголд идэвхэжсэн боловч төр засаг болоод энэ асуудлыг анхаарах ёстой хүмүүс нэг ч үг дуугарахгүй байгаад гайхаж байна. Тиймээс УИХ-ын ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо, хүчирхийллийн эсрэг лобби бүлэг зэрэг хэд хэдэн газарт албан бичиг өгсөн. УИХ-ын ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос хариу ирсэн ч хангалтгүй гэж үзэж байна.
Ц.Анандбазар нь хүчирхийлэлтэй холбоотой асуудалд орооцолдсон нь үнэн тул УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж хууль хяналтын байгууллагаар шалгагдах ёстой. Энэ хүн нь МАН-ын гол санхүүжүүлэгч учраас хаацайлж байгаа гэсэн хардлага бий.
"Me too Mongolia" хөдөлгөөний зохицуулагч Э.Цэцэгсайхан "Хохирогчид нь ил гарч, үйлдсэн хэргийг нь ярьж байгаа энэ цаг үед л хариуцлага тооцуулах хэрэгтэй. Ц.Анандбазартай холбоотой хэргийн талаар "Me too mongolia" хөдөлгөөнд 40 гаруй эмэгтэй хувийн хаягаас хандаж, гомдол өгсөн. Түүнээс гурав нь нэвтрүүлэгт орж яриа өгсөн. Тэд бол үнэн бодитой хүмүүс.
Ц.Анандбазар нь хохирогч руу халдах, ар гэрийг нь заналхийлэх, хахууль өгөх зэргээр хандаж байгаа учраас хохирогчдыг нуух шаардлага байсан. Одоо Цагдаагийн байгууллага дээр энэ хэрэг шалгагдаж байна.
Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтын тухай заалт оруулах ёстой. Гэвч ихэнх нь ийм заалтгүй учраас мэдлэг байхгүй шинэ ажилчид дарамтад орж байна" хэмээв.
Албан шаардлагад:
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхсөн энэ үед эрх баригч намын удирдлага болон УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр нь МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний гэм буруутай үйлдэлд халхавч болохгүй, иргэдийн шаардлага хүсэлтийн дагуу алхам хийж, хуулийн өмнө бүгд ижил, тэгш байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг биелүүлж чадах эсэх дээр иргэдийн ажиглалт, хүлээлт өндөр байгаа талаар хөдөлгөөнд нэгдсэн 30 мянга гаруй гишүүдийн цахим хуудсанд идэвхтэй ярилцаж байна.
Иймээс нийгэмд хүн засагладаг биш хууль засагладаг байлгахын тулд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний эрхээс түдгэлзүүлэх хууль хяналтын байгууллагаар яаралтай шалгуулах ажлыг шуурхайлан хамтран ажиллана уу" гэсэн байв.