Skip to content
Нийтэлсэн:
Админ 2021.05.10 15:16
Өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэн Б.Сүндэръяагийн нэр хаяггүй бичсэн пост УИХ-ын гишүүн Д.Ананзбазарыг эргүүлэн татах, цаашлаад хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн болон орон даяар өрнөсөн. Үүнээс үүдэн иргэн М.Нарантуяа Metoo Mongolia хөдөлгөөнийг дөрөвдүгээр сард албан ёсоор эхлүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр MetooMongolia хөдөлгөөний төлөөлөл УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд албан шаардлага хүргүүллээ. MetooMongolia хөдөлгөөний албан шаардлагын тухай М.Нарантуяа “Энэхүү шаардлагад одоо энэ нийгэмд үйлдэгдээд байгаа маш олон охид, эмэгтэйчүүдтэй тэдгээрийн халдашгүй байдалтай холбоотой ажлын байран дээр бэлгийн дарамт учруулж байсан гэх асуудлуудтай холбоотойгоор бид шаардлага хүргүүлж байгаа. Өмнө нь илгээсэн албан бичгийн хариуг дөнгөж сая авсан ч эдгээр нь шаардлага хангахгүй байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэдэг гишүүнийг ажлын байрны бэлгийн дарамт үйлдсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэнийг хэлж гэрчилж байгаа охид, эмэгтэйчүүдийг өөрийн оролцсон телевизийн нэвтрүүлэг болон цахим хаягуудаар илтэд басамжлан доромжилсон үйлдлүүд гаргаж байгаа. Тэр болгон баримттай байгаа. Дээрээс нь хүчирхийлэл өөрөө байх ёстой хэм хэмжээ юм шиг, түүний хохирлыг бензин туслах материалаар үнэлж болдог юм шиг бартерын маягийн асуудал дэвшүүлж байгаа нь УИХ-ын ард түмний элч төлөөлөл болж ажиллаж байгаа хүний хувьд ёс зүйд нийцэхгүй. Олон ард иргэд, охид, эмэгтэйчүүдийг доромжилсон асуудал болж байгаа гэж бид үзэж байгаа. Энэ шаардлагад УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Анандбазар гэдэг хүндээ ёс зүйн хариуцлага тооцож УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах тухай дэмжин ажиллахыг хүсэж байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх тавдугаар сарын 2-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээрээс мэдэгдэхдээ “Энэ улсад шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийн төлөө би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна” гэж амласан учраас бид энэ үгэнд нь бага ч гэсэн итгэл найдвар тээж итгэж байна. MetooMongolia хөдөлгөөний зүгээс Д.Анандбазар гэдэг хүн ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа буутал бид тэмцлийн бүхий л арга хэмжээг авсаар байх болно” гэж онцоллоо.
Go to Top