Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлагыг шууд дамжуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын нөлөө арилахгүй бол одоо олгож буй хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдлаа.
Тэрээр "Энэ нь мэдээж төсөв дээр эрсдэл үүсгэх учир цар тахлын хүрээ хумигдаж, нөлөө багасаж, эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгааг мэргэжлийн байгууллага, статистикийн судалгааг үндэслэн тодорхойлбол одоо үзүүлж буй хөнгөлөлтөөс татгалзана. Гэхдээ татгалзахдаа үе шаттай зохион байгуулна. Мэдээж энэ нь тухайн үеийн эдийн засгийн үзүүлэлт, тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална" гэлээ.
Мөн тэрээр "Вакцинжуулалтыг долоодугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа. Гэхдээ бид одоогийн байдлаар графикт хугацаанаасаа 11 өдрийн өмнө явж байна. Тиймээс 11 өдрийн өмнө зах зээл нээгдэх тооцоотой явж байгаа. Гэхдээ мутацид орсон вирус болон өөр өвчлөлийн асуудал гарахыг үгүйсгэхгүй. Үүнийг хүн төрлөхтөн тааж чадахгүй. Юутай ч өнөөдрийн вакцин нөлөөлөх хэмжээнд богино хугацаанд цар тахлыг даван туулсан 10 улсын нэг болно" хэмээн онцолсон юм.