Афган гэр бүлүүд халдлагад өртөж амиа алдсан хүүхдүүдээ оршуулж буй нь. Гэрэл зураг: ВВС
Афганистаны нийслэл Кабул хотын Дашт э Барчи дүүргийн дунд сургуулийн ойролцоо болсон дэлбэрэлтэд өртөж амиа алдсан хүүхдийн тоо өссөөр 60-д хүрсэн талаар ВВС агентлаг мэдээллээ.
Дэлбэрэлт сургуулийн гадаа, хичээл тарж байх үеэр болсон тул маш олон хүүхэд өртсөн байна. Халдлагад өртөж нас барсан болон шархадсан хүүхдүүдийн ихэнх нь эмэгтэй, бага насных байсан талаар ВВС мэдээлэлдээ онцолжээ.
Эрх баригчид эгнэхүү халдлагад Талибан хөдөлгөөнийг буруутгасан. Гэхдээ халдлагыг үйлдээгүйгээ Талибан хөдөлгөөний зүгээс албан ёсоор мэдэгдэж, сургуульд аллага гарсанд харамсал илэрхийлсэн байна.
Дэлбэрэлт бямба гарагт 16:30 цагийн орчимд, охидыг хичээлээсээ тарж байх үед буюу гэрчүүдийн мэдээлснээр ойрхон зайтай гурван дэлбэрэлт дараалан болжээ.
Халдлагын зорилго одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч АНУ тус улсаас цэргээ бүрэн гаргаж дуусах талаар мэдэгдсэнээс хойш, ялангуяа Жо Байденыг Ерөнхийлөгч болсноос хойш тус улсад халдлага дэлбэрэлт эрс нэмэгдээд байгаа нь үнэн юм.