Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр зарим анги, байгууллагыг төрийн дээд одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Энхийг сахиулагчдыг Төрийн одон, медалиар шагнах тухай” зарлиг гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга гардууллаа.
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Цэргийн тагнуулын газрын түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг амь биеэ үл хайрлан батлан сахиж, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус газрын үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг офицер ахлагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Тагнуулын ерөнхий газрын харьяа Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, зэвсэгт хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангах үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Зэвсэгт хүчний 234, 065, 303, 337 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан гамшиг ослоос иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, бүх төрлийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үйлсэд онцгой гавьяа байгуулж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, офицер ахлагчдын гавьяа зүтгэлийг үнэлж Архангай аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.
ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаа, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн Шийдвэртэй дэмжлэг олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасугай” гэжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
“Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа!
Энхийг сахиулагчид аа!
Мянга мянган жилийн баатарлаг түүхтэй өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг омог төгөлдөр, нэр төртэйгөөр залгамжилж яваа монгол цэргүүд Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Түүнчлэн Монголын ард түмний үнэтэй хувь нэмэр оруулсан Аугаа эх орны дайны Ялалтын баярын мэндийг давхар хүргэе!
Монгол цэрэг бол бүрэн итгэл даах чадварлаг дайчид гэдгийг үйл хэргээрээ олон улсад нотлон харуулж, зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайны хөлд үрэгдэж яваа үндэстнүүдэд энх тайван, аюулгүй байдлыг авчрах, сахин хамгаалах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулж, төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан үүргийг цэргийн ёсоор, тангаргаа сахин биелүүлсэн энхийг сахиулагч дайчид Та бүхэнд иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дэлхийн зарим бүс нутагт овог аймаг, шашин хоорондын сөргөлдөөн, үймээн самуун гарсаар байгаа нь энэ гараг дээр амьдарч буй хүн бүрийн сэтгэлийг түгшээсэн ээдрээтэй асуудал болсоор байна. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувиар энх тайвныг сахиулах, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд үүрэг хүлээж, хувь нэмрээ оруулах хариуцлагаа Та бүхнээр дамжуулан гүйцэтгэж байгаа юм.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд, мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монголын Энхийг сахиулагчид голлох үүрэгтэй оролцож, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлт, сахилга зохион байгуулалтаараа ижил түвшний цэргийн багуудад үлгэр дуурайл болж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон Цэргийн хүчний командлалаас сайшаагдсан тухай мэдээг удаа дараа хүлээн авахдаа үргэлж Та бүхнээр бахдан омогшиж байснаа энд зориуд онцлон тэмдэглэе.
Монголын ард түмэн 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, энх цагтай учран золгосон түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ цаг үед эх орноо батлан хамгаалах, хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, гамшиг ослоос иргэдээ авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, амжилт бүтээл, алдар гавьяагаа төр засгаараа үнэлүүлэн шагнагдсан Тагнуулын ерөнхий газрын харьяа Цэргийн тагнуулын газар, Зэвсэгт хүчний 065, 234, 303, 337 дугаар ангиуд, Архангай аймгийн Онцгой байдлын газрын хамт олонд халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлж байна.
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярт жигдрэн жагсаж, цар тахлын хүндрэлтэй нөхцөлд ч эх орныхоо үүрэг даалгаврыг цэргийн ёсоор чанд биелүүлж, төрийн одон, медалиар шагнагдаж байгаа энхийг сахиулагч залуус, анги байгууллагууд, тэдгээрийн албан хаагчдад дахин халуун баяр хүргэе.
Эзэн Богд Чингис хааны туг дор эвлэлдэн нэгдэж, ялан дийлж явсан их өвгөдийн нэр төр, дайчин түүх, ялгуусан уламжлалыг Та бүхэн нэр төртэйгөөр залгамжилж, өндөрт өргөн явааг бахдан тэмдэглэе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн хийморь сүлд ямагт бадарч, энхжин мандтугай!” гэлээ.