Сурталчилгаа
Монголын хамгийн том арга хэмжээ зохион байгуулагч, бидний хайртай “BRB” өнөөдөр хаалгаа барилаа. BRB гэсэн гурван үсгээс гэрэл цацарч харагддаг, хамгийн өнгөлөг, хамгийн тод, хамгийн сайн бүхэн тэднийх байдаг. Өөрсдийн өндөр гүйцэтгэлээр нэрийн хуудсаа дархалж, үзэж мэдрэхийн гайхамшиг төрүүлсэн арга хэмжээ бүрийн ард BRB л байсаар өдгөө 12 жил өнгөрсөн байна.
30 гаруй хүнтэй эдний “супер” хамт олон бүх төрлийн арга хэмжээ, хурал, үзэсгэлэн экспо, шоу тоглолт, хурим найр, ойн баяр, нээлт хаалтын арга хэмжээг мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэж, арга хэмжээ төлөвлөлт, тоног төхөөрөмж түрээсийн цогц үйлчилгээг үзүүлж байв. Хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ юугаар ч үнэлшгүй “үнэтэй дурсамж”-ийг үлдээх нь тэдний хамгийн том зорилго байлаа. Тэд өнөөдрийг хүртэл энэ зорилгоо өндрөөс өндөрт тунхаглаж ирсэн билээ. “Voice of Mongolia” шоуны эхний хоёр улирлыг гардан гүйцэтгэсэн нь тэд дэлхийн хэмжээнд ч өрсөлдөж чадахаар чанар стандартыг бий болгосны хамгийн том гэрч байлаа. Үүнээс гадна “Чимгээ шоу”, “3 Сая Инээд”, “Champions League 2018”, “Be 2017 Live” зэрэг үйл ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэсэн нь ямар чадварлаг хамт олон болохыг нь илтгэнэ. Гэвч дэлхий даяар тархсан халдвар өвчний улмаас BRB ийнхүү хаалгаа барихад хүрлээ.
Хамгийн сүүлийн өгүүлбэрийг дахин нэг уншихыг танаас хүсэж байна. Энэ муухай мэдээ биеллээ олоогүй гэдгийг хэлье. Гэвч дээрх “худал” үнэн болоход тун ойрхон байгааг ойлгоосой хэмээн хүсэж “муу амласныг” минь та өршөөнө биз ээ. Дэлхийн банкны судалгаанд оролцсон Монголын 360 компанийн 27 хувь нь удаан хугацаанд алдагдал хүлээхгүйн тулд энэ онд үүд хаалгаа барьсан байна. Бидний хайртай бизнесүүдэд ч ийм үйл явдал тохиохгүй гэсэн баталгаа үгүй.
Хайртай бизнесүүд маань энэ цаг үеийг давж гарахад та бидний дэмжлэг хамгийн чухал хэрэгтэй байна. Карентины дараа та бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан авч, бас бусдадаа мэдээлэл түгээн, аль чадахаараа сурталчлаарай гэсэн уриалгыг “Simple” дэх найзууд нь эхлүүлж байна. Бидний зүгээс хайртай бизнесүүдээ дэмжихээр 500 сая хүртэлх уян хатан бизнесийн зээлийг сарын 1.5-2.5 хувийн хүүтэйгээр санал болгож байгаа.
Хайртай бизнесүүдээ дэмжье, “Simple Business”.