АН-ын ээлжит 4/11 хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ болон намын удирдлагууд нь цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
АН-ЫН ДАРГА М.ТУЛГАТ:
-Шулуухан хэлэхэд, АН хоёр хуваагдсан нь үнэн. Манай намын нэг хэсэг хүмүүс энд мөнгө, бяр нь байна, УИХ-ын гишүүд нь байна гэж Ерөнхийлөгчтэй талд нь нэгдэж, хамтарч ажиллаж ирсэн. Тэднийг Ерөнхийлөгч нэг хүний дангаар ноёрхох, хязгааргүй эрх мэдэлд хүргэх санаархалд ашиглах гэж байсан. Өнгөрсөн оны өмнө зохион байгуулсан аравдугаар Их хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг өрсөлдөгчгүйгээр тодруулах хуйвалдааны шинжтэй дүрмийг бус өөрчлөлтийг хийх гэж оролдсон. Тэр нь өнөөдрийг хүртэл илчлэгдэж байна. Эрх ашгийн төлөөх хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлын нэгдэл.
Үүнд би намынхаа гишүүдийг ухамсарлаач, сэрээч ээ, үнэн, зөвийг дүгнээч гэж уриалмаар байна. Үнэн, үзэл санаа хүчтэй байдаг юм. Үргэлж худал мэдээлэл өнгөрсөн хугацаанд гаргаж ирлээ. Ямар их мөнгөтэй, хэвлэлийн багтай юм бэ. Одоо бүр талбайд өлсгөлөн зарлаж байна. Тэд талбай дээр монгол залуу өөрийгөө шатааж байхад ингэж өлссөн юм уу. Цар тахлын үед хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байхад тэд ингэж жагссан юм уу. Бизнесийн салбарынхан унаж байхад тэд өлссөн юм уу. Одоо юуны төлөө өлсөж байгаа юм бэ. Хэний эрх ашгийн төлөө өлсөж байгаа юм. Хууль ёсны ардчилсан нам биднийг луйвар хийсэн гэж хэлж байгаа. Өөр намын гишүүнийг нэг өдрийн дотор намдаа элсүүлээд маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байдаг юм. АН-ын Үндсэн дүрэмд АН-д элсээд зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. Энэ дүрмийг уландаа гишгэсэн. Яагаад 2020 оны сонгуулиар АН-ын гишүүдтэй өрсөлдөж бие дааж гарсан Н.Алтанхуягийг нэг өдрийн дотор бүлэгтээ авч хууль зөрчин нэр дэвшүүлдэг юм бэ. Дүрмийн дээгүүр алхсанаа яагаад юман чинээ санахгүй байна вэ. Ийм мэт нөхдүүд, ийм мэт дүрмийн бус үйлдлүүд Ардчилсан намыг ийм байдалд хүргэсэн. Өнөөдөр АН ялгарч байна, жинхэнэ буурин дээрээ ирж байна. Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалах хууль ёсны АН дээрээ эргэж ирээч ээ гишүүд минь. Хууль ёсны АН энд байна. Одоо энэ төөрөгдлөөсөө гар. АН хүчирхэг болно оо. Үүний төлөө хамтдаа явцгаая гэж намын нийт гишүүддээ уриалмаар байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС НЭР ДЭВШИГЧ С.ЭРДЭНЭ:
-Өнгөрсөн намраас эхлэн АН-ын удирдлагын түвшинд маргаантай асуудал үүссэн. Хүмүүсийн ярьж байгаа шиг АН-ын анхан, дунд шатны гишүүдийн дунд хагарал үүсээгүй. Бид намын гишүүдтэй зөвшилцөхийн төлөө удаа дараа санаачилга гаргаж ажилласан. 2020 оны сонгуулийн үр дүнгээр би хариуцлагаа хүлээж долдугаар сарын 8-нд даргын ажлаа өгч намын даргын сунгааг зарлаж, дэд дарга Ц.Туваанд тамгаа түр шилжүүлсэн. Ц.Туваан даргын хувьд наймдугаар сарын 23-нд намын аравдугаар Их хурлыг хуралдуулж, дараагийн даргыг сонгож тамга, тэмдгийг хүндэтгэлтэйгээр гардуулсан бол өнөөдөр нөхцөл байдал иймдээ тулахгүй байсан. Нөхцөл байдлыг харж, арван сар дуугүй явж ирсэн. Улмаар эрх мэдэл, албан тушаалыг буруу ашиглаж, өөрийгөө хууль бусаар намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн өргөмжилж, арванхоёрдугаар сард хууль бус Их хурал хуралдуулж, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан. Ингэж өөрчлөхдөө Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар ч өрсөлдөөнгүйгээр шууд сонгох заалт оруулсан нь зөрчлийн гол шалтгаан болсон. Ц.Туваанд удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй учраас би АН-ын даргыг үүрэгт ажилдаа эргэн орсон.
Улсын дээд шүүхийн тогтоол болон Улсын бүртгэлийн гэрчилгээ бүгд миний нэр дээр байсан. Эрхзүйн чадамж хэвээр байсан учраас дүрмийн зөрчлийг арилгах ажилдаа орсон. Хууль эрх зүйн чадамж буюу эрх зүйн бүх акт, баримт бичиг надад байсан тал харамсалтай нь олуулаа байвал хууль дүрэмгүй авирлаж болно гэдгийг харуулсан үйлдэл газар авсан. Үүний зогсоох гэж ч оролдсон. Миний хувьд 30 гаруй жил журмын нөхдийнхөө хамт ардчиллын үйл хэрэгт зүтгэсэн. 2020 оны УИХ-ын сонгууль үнэхээр луйврын сонгууль болсон. Энэ сонгуульд манай намаас гарсан Ерөнхийлөгч гол үүрэг гүйцэтгэсэн. Тэр хүний захилга, хуйвалдаан өнөөдөр Монголын төрд АН-ын эзлэх байр суурийг байхгүй болгосон. Өөрийн захиалгын хүмүүсээ гаргаж ирсэн. Тэр хүмүүс нь өнөөдөр эзэндээ яаж үнэнчээр зүтгэж байгааг ойрын өдрүүдийн үйл явдал бүр тод харуулж байна. Аливаа улс төрийн нам үнэт зүйл, үзэл санаа дээр тогтдог. Хэн нэгний төлөө явдаг нам гэж байдаггүй. Тавдугаар сарын 08-нд СЕХ шийдвэрээ гаргаснаар нэр дэвшүүлэлт эцэслэгдэнэ. Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байгаагүй, хэдхэн хоногийн өмнө ч тэр. АН-ын удирлагын багаас надад санал тавихад би шийдвэр гаргаагүй байсан.
АН-ын хувь заяа болон ардчиллын суурь зарчмыг үгүй хийх гэсэн үйлдлүүд гаарсан учраас би Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлье гэж шийдсэн.
Өнөөдөр гаднаас АН-руу орж ирээд маргааш нь шууд нэр дэвшсэн нь ёс зүй, дүрэм журам, улстөрчийн ёс зүй байхгүй болсныг харуулж байна. Би үнэхээр гайхаж байна. АН руу нулимж, хувь заяагаар нь тоглочихоод, АН хэрэггүй гэж гарч бие дааж нэр дэвшсэн нөхөр мөн хаа хамаагүй намд явж байгаад ирсэн нөхдүүд АН-ын нэр дээр Ерөнхийлөгчид нэр дэвших гэсэн нь увайгүй үйлдэл байсан учраас намайг нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн. Нөхдийн хамт шударгаар өрсөлдөж, гишүүдийнхээ олонх дэмжлэгийг авсан.