УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд АН-ын бүлгийн гишүүд хэлэлцэх асуудалтай холбоогүй өөр асуудлаа байр сууриа илэрхийллээ.
Ц.ТУВААН: УИХ-ын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна. Жагсах, цуглах, өлсгөлөн зарлах нь бидний эрхийн асуудал. УИХ-ын гишүүний унаа, биед нь халдахгүй байх хуультай бол тэрийг хэрэгжүүл л дээ. Тийм заалт байдаггүй бол байхгүй гээд наанаасаа хэлчих, УИХ-ын дарга аа. Манай нам хагараагүй. Үүнийг батлах гарын үсэг, бүх баримт нь бий. Гэтэл та нар харья агентлагуудаараа шийдвэр гаргуулаад хуурамч тамга хийлгэснээс л ийм зүйл болж байгаа ш дээ. Үүнийг мэдэхгүй хэн байгаа юм бэ. Үүнийг эсэргүүцээд жагсаал цуглаан хийхээр УИХ-ын гишүүдийн биед нь халдаад байна. Хаана байгаа нөгөө хууль чинь. Бид Цагдаагийн ерөнхий газрын даргатай ч холбогдож чадахгүй байна.
Г.ЗАНДАНШАТАР: Үндсэн хуулиа сахиж ажилла. УИХ хууль тогтоодог байгууллага болохоос биш, хууль сахиулдаг байгууллага биш. Дотоод асуудлаа дотооддоо л шийд. УИХ түүнийг чинь шийдэхгүй. Тамга тэмдгээ булаацалдчихаад энд ирээд хэрүүл хийгээд байх юм.
Ж.БАТСУУРЬ: Энэ танхимаас чинь өөр газар хууль дүрэм хэрэгжихгүй байна. Цөөнхийн бүлгийн гишүүд унаагаа унаад ажилдаа ирэх боломжгүй боллоо. Зогсоогоод унаа тэрэг, биед нэгжлэг хийж байна. Улс төрийн тэмцэл эхлүүлээд 12 цаг боллоо. Таны танхимын чинь долоо гишүүн нь хүйтэн шалан дээр хэвтэж байна. Талбай руу алга дарам эсгий, балга ус ч оруулахгүй байна. М.Оюунчимэг гишүүнээ А.Адъяасүрэн гишүүнийг очиж эргээч ээ. Тэр хүн урд шөнө дороо дэвсэх, дээрээ нөмрөх юмгүй хонолоо. УИХ дахь эмэгтэй гишүүнийг нэгнийгээ очиж эргээч ээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд аа, Хууль зүйн байнгын хорооны дарга аа улс орон чинь ингээд цэрэгжсэн улс болох гэж байгаа юм уу. Талбайг тойроод гурван давхар хамгаалалт бий болчихлоо. Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулахгүй байна. Долоон гишүүн чинь ямар нөхцөл байдалд байгааг хараач. Ядаж балга ус өгчихөөч. Монголын төрөөс гуйж байна. Г.Занданшатар дарга аа, бидэнд балга ус оруулаад өгөөч.
Г.ЗАНДАНШАТАР: Гишүүдийн эрхийг хүндэтгээд хэлэлцэх асуудалтай холбоогүй ч үгийг нь сонслоо. Ус, ундаа байгаа. Чөлөөтэй аваад хэрэглэцгээ. УИХ бол хууль хэрэгжүүлдэг бус хууль тогтоодог, хяналт тавьдаг байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах, ажлын хэсэг гаргаж хяналт тавих эрхтэй. УИХ-ын индэрийг буруугаар ашиглаж намынхаа дотоод зөрчлийг төрийн хямрал болгож болохгүй. Хуулийг өөрсдийн явцуу эрх ашиг, бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлэхийг оролдох эрх хэнд ч байхгүй. Та бүхэн одоо үүнийгээ боль. Намын дотоод хагарал тэмцлээ төрд халдааж, төрийн хуулийг зөрчихийг шаардаж, буруу зөрүү мэдээллээр ард түмнийг төөрөлдүүлж, эмх замбараагүй байдал руу түлхэхийг оролдсон үйлдлээ нэн дарай зогсоохыг шаардаж байна.