Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн шуурхай хуралдаанаас үүрэг болгосны дагуу Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгажээ.
Ингээд Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авсан болохыг мэдээллээ.
Ажлын хэсэг
- Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”,
- мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу ийн шийдвэрлэжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн бичиг баримтыг хүлээн авах хуулийн хугацаа 2021 оны тавдугаар сарын 5-ны 00:00 цагаар дуусгавар болж буй. АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэсэн хоёр нэр дэвшигчийн бичиг баримт ирсэнтэй холбоотойгоор СЕХ хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үүнийг эсэргүүцэж, Төв талбайд суулт эхлүүлсэн. Үүний дараа СЕХ ажлын хэсэг гарган хоёр нэр дэвшигчийн бичиг баримтыг хүлээн авч, дээрх шалгуурыг үндэслэн шийдвэрээ гаргасан юм.
Ингэснээр СЕХ
- МАН-аас У.Хүрэлсүх,
- Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат
- АН-аас С.Эрдэнэ нарын баримт бичгийг хүлээн аваад байна.
Баримт бичиг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэрийг гаргаж, тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ хэмээн хуульд заасан.
Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал, А.Адъяасүрэн, С.Ганбаатар нарын гишүүд Төв талбайд өлсгөлөн суултаа үргэлжлүүлж байна.