Улсын онцгой комисс хуралдаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тавдугаар сарын 8-ны 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ны хүртэл нээхгүй гэдгийг мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт тавдугаар сарын 5-наас эхлэн вакциныхаа хоёр тунд хамрагдан 14 хоног болсон иргэд вакциныхаа гэрчилгээг үзүүлэн орон нутагт зорчих талаар саналыг гарган хэлэлцэж байсан. Гэвч орон нутагт дархлаажуулалт эхэлсэн энэ үед эрсдэл үүсэх нөхцөл байгаа тул тавдугаар сарын 22-ныг хүртэл орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхгүй байхаар шийдвэрлэжээ. Өнгөрсөн бямба гарагт 11 аймаг руу 93 мянган хүн тун вакциныг илгээсэн. Орон нутагт дархлаажуулалтыг идэвхжүүлэн ажиллана гэдгийг Ерөнхий сайд мэдээлээд байсан юм.
Шадар сайд С.Амарсайхан "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 60 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна. Хоёрдугаар тунд 27.3 хувь нь хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар халамж авдаг 90 мянган иргэн, хүнсний талонд хамрагддаг 30 гаруй мянган иргэн вакцинжуулалтад хамрагдаагүй гэсэн Сангийн яам, ХНХЯ-ны судалгаа, баримт байна. Тиймээс иргэд өөрсдөө нийгмийн хариуцлагатай байх ёстой.
Засгийн газрын бодлого шийдвэрийн хүрээнд хэрэгжиж байгаа урамшууллын 50 мянган төгрөг нь иргэд хоёр тундаа хамрагдсан тохиолдолд данс руу нь орохоор Сангийн яаманд зохион байгуулагдаж байгаа.
Халдварын тархалт буурах шинж тэмдэг ажиглагдаж байгаа ч цаашид мутацид орсон вирусийн эрсдэл байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгаа учраас иргэд хөл хориог сулрууллаа гэж тайвширч болохгүй. Нэг хоногийн өмнө ч гэсэн эдийн засгаа сайжруулах хэрэгтэй байгаа учраас халдвар хамгааллын дэглэм чанд сахих шаардлагатай байгаа.
Хоёр тунгаа хийлгэсэн 14-өөс багагүй хугацаа өнгөрсөн иргэд тавдугаар сарын 22-ноос хойш хөдөө орон нутаг руу зорчих боломж нээгдэнэ.
65-аас дээш насны иргэдэд маргаашнаас эхлэн Спутник вакцин хийхээр төлөвлөж байна. Халдвар аваад эдгэрсэн иргэдээ вакцины хоёрдугаарт тунд хамруулахаар болсныг дуулгая" гэлээ.