СЕХ АН нэг нэр дэвшигчийн материалыг хүргүүлбэл хүлээн авахаа мэдэгдсэн. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг үүнийг эсэргүүцэн Төв талбайд суулт, өлсгөлөн зарлалаа.
Яг одоогийн байдлаар суултад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
- УИХ-ын гишүүн С.Ганбаатар
- УИХ-ын гишүүн Ц.Туваан
- УИХ-ын гишүүн Н.Ганибал нар нэгдэн өлсгөлөнгөө эхлүүлээд байна.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар Сонгуулийн ерөнхий хорооны хуралдааны шийдвэрийг хүлээж байгаа юм. Үлдсэн гишүүдийн хувьд удахгүй ирж нэгдэнэ гэдгийг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өлсгөлөн зарлах нь тэмцлийн нэг хэлбэр тул заавал мэдэгдэж зөвшөөрөл авах ёсгүй гэдгийг хэллээ. Гишүүд өлсгөлөн зарлах тухайгаа Улсын хоёрдугаар эмнэлэгт мэдэгдсэн. Тэд эрүүл мэндийн байдлаа хянуулаагүй байгаа аж.
УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлтийг хүргүүлсэн. Энэ дагуу Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хуралдааныг зарласан. ҮАБЗ хуралдаж байгаа. Хуралдааны талаарх мэдээллийг авахаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Төрийн ордон руу орсон гэдгийг тэд мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "СЕХ шинжээчийн дүгнэлт гаргахаар болсон гэсэн мэдээлэл авлаа. АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан тул бид улс төрийн шийдвэр гаргасан. Та бүхэн харлаа. УИХ-ын гишүүн хүртэл Төв талбайгаар явж болохгүй байна. Бид Хойд Солонгос биш. Сонгууль ардчилсан байх ёстой. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжтой байсан хуулийн аргаар дэлхий нийтийн өмнө хууль бус шийдвэр гаргалаа. АН хоёр тал болсон юм биш. Хуурамч тамга тэмдэг үйлдэж өгчхөөд асуудал үүсгэж байна. Бид СЕХ-д материалаа өгөөд хянуулахаар боллоо. Хянаад байх юм байхгүй. Хуурамч тамга, тэмдэгтэй, цаасан дээр бичсэн зохиолыг эрх баригчид захиалж явуулна гэдэг байж боломжгүй. Хуулийн заалтад шинжээч дүгнэх талаар заалт байхгүй. Ямартай ч материалаа өглөө. Манай хуульч ажиллаж байна. Бидэнд байгаа ганц арга нь энэ байна. УИХ-ын гишүүний биед халдах эрхгүй. С.Эрдэнийн материалыг хүлээн авах боломжгүй. Зүгээр тамга хийгээд өгчихсөн. Өрсөлдөгчөө захиалж сонгууль явуулж болохгүй" гэлээ.