Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ дагуу МАН, АН, ХҮН нэр дэвшигчдээ хуулийн дагуу тодруулсан. Нам тус бүрийн төлөөлөл хуулийн хүрээнд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг хүлээлгэн өгч байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшихээр болсон.
СЕХ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг хүлээн авахаас татгалзлаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт бий. Нэг намаас нэг нэр дэвшигч тодрох ёстой. Ардчилсан нам хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Мөн Үндэсний аудитын газар хоёр мөрийн хөтөлбөр хүргүүлсэн. Үндсэн хуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэг намаас нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг заалтаар маргаан үүсэх шинжтэй байна. Энэ асуудлыг АН өөрөө дотооддоо шийдвэрлэхийг хүсэж байна" гэв.
АН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД Н.АЛТАНХУЯГИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮРЭН ЭРХТЭЙ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ дахь Ардчилсан нам Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, материалыг хүргүүлж байна. Манай намын нэрийг ашиглан, хууль бус тамга ашигласан үйл ажиллагаа болсон. УИХ-д суудал бүхий манай намаас хууль ёсны нэр дэвшигчийн материалаа хүргүүлж байна. Шаадлагатай бичиг баримтыг цаг тухайд нь гарган өгөхөд бэлэн байна. Улсын их хуралд 13 суудалтай АН 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй"
Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг энэ шийдвэрийг хүлээж авахгүй, МАН төрийн толгой дээр гарсан байна гэж буруутгав.
СЕХ зөвхөн нэг материалыг хүлээн авах бөгөөд иймээс намын дотоодын асуудлыг шийдэх хугацаа өглөө. СЕХ-ны удирдлага хоёр талын төлөөллийг 18.00 цагаас хойш хүлээн авахаа хэллээ.