
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттан дүүрэгт Ням гарагт метроны буудлын ойролцоо алхаж явсан ази эмэгтэйчүүд рүү алх барьсан этгээд халдсан хэрэг гарчээ. Уг хэргийн бичлэг ойролцоох байшинд байрлуулсан хяналтын камерт бичигдсэн байна.
Хоёр ази эмэгтэйг алхаж явахад нь нэгэн хар арьст эмэгтэй тэднээс амны хаалтаа тайлахыг шаардан, алхаар цохиж эхэлсэн байна. Халдлагын улмаас 31 настай эмэгтэй толгойн яс нь цөмөрч, эмнэлэгт хүргэгдсэн бол хамт явсан 29 настай эмэгтэйн биед ноцтой хохирол учраагүй аж.
Хохирогчид маш их цочирдож, айсан тухайгаа мэдүүлэгтээ дурджээ. Одоогоор халдлага үйлдсэн эмэгтэйг хайж байгаа ба мужийн захирагч Эндрю Куомо ийм зүйл болсонд харамсаж буйгаа илэрхийлээд, цаашид үзэн ядалтын шинжтэй ийм төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээ мэдэгдсэн байна.
Коронавирусийн цар тахал БНХАУ-д анх бүртгэгдэн дэлхий даяар тархсаны улмаас АНУ-д Ази хүмүүс рүү халдсан хэрэг хэдэнтээ бүртгэгдсэн. Түүнчлэн олон нийтийн зүгээс ч Азиудыг үзэн ядахаа зогсоохыг уриалан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хөдөлгөөн өрнөн жагсаал болсон билээ.