Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 111,076 хүн вакцинд хамрагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдсан байна. Эдгээрээс I тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, II тунд 25,8 хувь нь хамрагдаад байгаа юм.
Улаанбаатар хотод тодорхой байршлууд болон явуулын дархлаажуулалтын 150 орчим цэг өдөр бүр ажиллаж байгаа. Хатуу хөл хорионы хугацаанд вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаа ч иргэдийн дархлаажуулалтдаа хамрагдах идэвх сулраад байгааг УОК өдөр бүр анхааруулж, вакцинжуулалтдаа хамрагдахыг уриалж байгаа билээ. Учир нь Улаанбаатар хотод өдөрт 75 мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдаж байна.
Тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахаар УОК хэлэлцэж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэнэ шийдвэрлэнэ. Ингэхдээ зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж байгаа аж. Тиймээс иргэн та вакциндаа яаралтай хамрагдаж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалаарай.