Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр өнөөдөр 13.30 цагаас АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэнэ. Тодруулбал, Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэлэлцэхээр төлөвлөжээ.
АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр УБЕГ-т Ц.Туваан миний тамгыг өгөхгүй байна, шинэ тамга гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр гарч, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон.
Үүнийг АН-ын нөгөө тал эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ тамгыг хүчингүй болгож хууль ёсоор ашиглах боломжгүй болгосон юм.