Хөл хорионы дэглэм тогтоосон цаг хугацаанд цагдаатай сөргөлдөж буй нэгэн иргэний бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан.
Тэгвэл тухайн иргэнийг цагдаагийн байгууллагаас торгосон байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг иргэн 2021 оны тавдугаар сарын 1-ний 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчин явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгосон байна.
Хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-ны өдөр сулруулах бөгөөд иргэд үүргээ сайн биелүүлж байгааг цагдаагийн байгууллагаас хэллээ. Зөрчил гаргасан иргэдэд сануулаад өнгөрч байгаа ч цөөн тооны иргэд энэ мэт шаардлага биелүүлэлгүй, дэглэм зөрчих, цагдаагийн биед халдах үйлдэл гаргасаар байгаа аж. Тиймээс үлдсэн хоногуудад нэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг хүслээ.